Хар тамхины хэрэгт 193 хүнийг яллагдагчаар татсанаас 55 хувь нь 18-30 насныхан байна

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт болон гэмт хэрэг үйлдэж буй шалтгаан нөхцөлийг тогтмол судалж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа талаар мэдээллээ. Тухайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд дээрх төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл болон ял шийтгэлийн байдлыг судалж, тагнуулын байгууллага болон хар тамхитай тэмцэх албатай хамтран энэ оны эхэнд “Хар тамхи, мансууралтай тэмцэх үр нөлөөг дээшлүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийн үр дүнд зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөмжид олон улсын гэрээ, конвенц, эрх зүйн зохицуулалт, хууль хэрэглээ, шүүхийн практик, мөрдөн шалгах ажиллагааны нотолгооны шаардлага, байгууллагуудын хамтын ажиллагаа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах зэрэг асуудлыг тусгасан байна.

Зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажилласнаар тодорхой үр дүн гарч, 2026 оны тавдугаар сарын байдлаар прокурорын байгууллага нийт 104 хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 193 хүнийг яллагдагчаар татсан байна. Эдгээрийн дийлэнх буюу 55 хувь нь 18–30 насныхан, 38 хувь нь 31-44 насныхан байгаа бол 20 хувь нь эмэгтэйчүүд байгааг мэдээллээ.

Эх сурвалж УЕПГ

Сэтгэгдэл үлдээх