Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, холбогдох мэдээллийг сонсож, тодорхой үүрэг чиглэл өглөө.
Наймдугаар сарын 14-нөөс хойш шатахууны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотод хоногт 2000-3000 тн АИ92 шатахуун буулаа. Гэвч нэр бүхий ШТС-ууд 24 цагийн турш үйл ажиллагаа явуулахгүй байх, ганцхан хошуугаар шатахуун олгох, иргэдэд бус гэрээт байгууллагуудад болон зөвхөн талоноор үйлчилнэ гэх зэргээр дур мэдэн хязгаарлалт хийж, шуурхай штабын шийдвэрүүдийг зөрчсөн тохиолдол гарсаар байна. Иймд АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямын зүгээс шатахууны хомсдол үүссэн онцгой нөхцөлд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж, шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлээгүй шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авах үүрэг өглөө.
Сэтгэгдэл үлдээх