Глобал Витнесс олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар өнгөрөгч 2020 онд байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг 227 хүн бусдын гарт амиа алджээ. Энэ нь хоёр дахь жилдээ дараалан хамгийн олон байгаль хамгаалагч бусдад алуулсан тохиолдол болж байна.
Дэлхий дахинд өнгөрсөн жил амиа алдсан байгаль хамгаалагчдын гуравны нэг нь нөөцийн ашиглалттай холбоотойгоор бусдад хорлогджээ. Тухайлбал тэдний ихэнх нь мод бэлтгэл, уул уурхай, газар тариалангийн бизнес, усан цахилгаан станцын далан болоод бусад дэд бүтцийг эсэргүүцэж байгалиа аварч үлдэхийг оролдсон боловч бусдын гарт хөнөөгдсөн байна.
Уг судалгаанд бичсэнээр 2015 онд гарын үсэг зурсан цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнээс хойш долоо хоног тутамд дунджаар дөрвөн байгаль хамгаалагч бусдын гарт амиа алджээ. Тэр дундаа мод бэлтгэлийг эсэргүүцсэн тэмцэгчид хамгийн их амиа алдсан бөгөөд Бразил, Никарагуа, Перу болон Филиппин улсуудад уг чиглэлээр ажиллаж байсан 23 хүн амиа алдсан байна. Түүнчлэн Колумб улсад хүрээлэн буй орчныг хамгаалдаг 65 тэмцэгч амиа алдсан нь хамгийн өндөр тоо ажээ.
Дээрх цочирдуулам тоо баримт дээр үндэслэн Глобал Витнесс төрийн бус байгууллагын ахлах ажилтан Крис Мадден дэлхийн улс орнуудын Засгийн газруудад хандан хүрээлэн буй орчныг хамгаалагчдын амь насыг хамгаалах тухай нухацтай авч үзэхийг уриалсан байна. Мөн компани, фирмүүд ашиг сонирхлоосоо түрүүлж ард түмэн, эх дэлхийгээ эн тэргүүнд үзэхийг хүсчээ.
Сэтгэгдэл үлдээх