АНУ-ын бөмбөгдөгч онгоц Номхон далай дээрх ОХУ-ын агаарын бүсэд нэвтэрсэнд хариу сөнөөгч онгоц нисгэн арга хэмжээ авсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Тухайлбал, АНУ-ын бөмбөгдөгч B-52H онгоц ОХУ-ын агаарын бүсэд нэвтэрсэнд Оросын үндэсний батлан хамгаалах төв командлал Сухой-35С загварын гурван сөнөөгч онгоц хөөргөжээ. ОХУ-ын онгоцууд АНУ-ын бөмбөгдөгчийг холдон одтол алсаас дагаж, ажигласан гэнэ.
Сөнөөгч онгоцууд олон улсын дүрмийг чанд сахин мөрдөж, ямар нэг аюул учруулалгүй эргэж бааздаа очсон аж. Харин АНУ-ын бөмбөгдөгч Оросын хилийг зөрчилгүй ниссээр агаарын бүсээс нь гарсан гэж мэдээлжээ.
Энэ мэт үйл явдал сүүлийн үед хоёр улсын хооронд олон тохиолдох болсныг ажиглагчид онцолж байна. Жишээлбэл, энэ оны гуравдугаар сард ОХУ-ын бөмбөгдөгч, сөнөөгч онгоцууд Умард тэнгис, Хар тэнгис, Балтийн тэнгис дээгүүр удаа дараа үзэгдэж, АНУ 10 ч удаа сөнөөгч онгоц хөөргөн хариу арга хэмжээ авчээ.
Сэтгэгдэл үлдээх