Их Британийн дуучин Адель зургаан жил урлагаасаа завсарласны эцэст өөрийн Instagram хуудаснаа “30” нэртэй шинэ цомгийнхоо товыг зарлаж шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Дуучин бүсгүйн шинэ цомог арваннэгдүгээр сарын 19-нд олны хүртээл болох аж.
Энэ оны гуравдугаар сард Адель албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд энэхүү цомог нь түүний салалтын тухай өгүүлнэ гэжээ. Тэрээр "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа цомогт багтсан дуунууд нь түүний есөн настай хүү Анжелод эцэг эх нь ямар шалтгаанаар салсныг ойлгуулах болно гэж ярьсан.
Адель 2015 онд “25” нэртэй цомгоо толилуулж байсан бөгөөд уг цомгоороо 59 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолд “Оны шилдэг цомог”, “Оны шилдэг поп цомог” зэрэг хүндэт шагналуудыг хүртсэн билээ. Ингээд бүтэн зургаан жил уран бүтээлээ гаргаагүй дуучны “30” цомгийг дэлхий даяар олон сая хүн тэсэн ядан хүлээж байна.
"Би өөрийнхөө тухай олон үнэнийг нээж олсон. Би маш олон зүйлсээс ангижирсан ч мөн цөөнгүй зүйлсийг олж авсан. Амьдралынхаа турш баримталж явах нэн хэрэгтэй, эрүүл сэтгэхүйн зарчмуудыг олж нээсэн төдийгүй эцэст нь өөрийгөө дахин шинээр олсон юм шиг санагдаж байна. Би өмнө нь хэзээ ч ийм амгалан тайван байж үзээгүй гэж хэлж болно. Тиймээс энэ цомгоо гаргахад бэлэн байна” гэсэн юм. Түүний “Easy on Me” нэртэй шинэ дуу энэ сарын 15-нд цацагдана.
Сэтгэгдэл үлдээх