Хятадын телевизийн ямар ч суваг дээр тааруулахад царайлаг, туранхай модел, дуучид, жүжигчид гардаг байсан цаг өнгөрсөн бололтой. Тухайлбал, өөрсдийгөө Хятадын анхны махлаг хөвгүүдийн хамтлаг гэж тодотгосон “Produce Pandas” сүүлийн үед олны таалалд ихэд нийцэх болжээ.
Хятадын дэлгэцийн одод сүүлийн үед хэтэрхий их гадаад төрхөндөө анхаардаг гэх шүүмжлэлд өртөх болж, засгийн газар хүртэл эмэгтэйлэгдүү төрхтэй эрэгтэй оддын эсрэг шийдвэр гаргаж эхэлсэн билээ.
Харин өнгөрсөн оны долдугаар сард анхны дуугаа олны хүртээл болгосон “Produce Panda” хамтлаг өөрөөрөө байхын сайхныг цоглог аялгуунд оруулан дуулж анхаарлын төвд оржээ. Жишээлбэл, тэдний “Stand Up” дуу “Бүү гунигла даа, махлаг байх тусам илүү нүдэнд дулаахан байдаг юм” гэх үгтэй аж.
Зарим иргэдийн хэлж байгаагаар олон жилийн турш хэтэрхий төгс оддыг үзэж, өөрсдийгөө голж амьдарсны эцэст өөртэйгөө адилхан махлаг хүмүүсийг бишрэх илүү таатай байгаа гэнэ.
Мөн тус хамтлагаас гадна сүүлийн үед жүжигчин, кино бүтээгч Жиа Лин, жүжигчин, дуучин Доу Жинтун тэргүүтэй махлаг олны танил хүмүүс маш их нэр хүндтэй болж байна.
Сэтгэгдэл үлдээх