Хонконгийн эрх баригчид коронавирусийн эсрэг хатуу бодлогынхоо хүрээнд 2024 он хүртэл хилээ нээхгүй байж магадгүй гэж шинжээчид мэдээлж байна. Үүний улмаас гадаадын компани, ажилтнууд "дүрвэж", тус арал нь санхүүгийн төв гэх байр сууриа алдах эрсдэлтэй юм.
БНХАУ-д дотоодод үйлдвэрлэсэн вакцины үр нөлөө нь дутмаг байгаагийн улмаас аялал жуулчлалын хатуу хязгаарлалт тогтоогоод байгаа билээ. Иймээс, Хятад улс 1.4 тэрбум хүн амдаа зориулсан мРНХ вакциныг гаргаж авах хүртэл Хонконг хилээ эргэн нээхгүй байх өндөр магадлалтай бөгөөд энэ нь 2023 оны сүүл эсвэл 2024 оны эхэн үед тохиох аж.
Ийм тохиолдолд гадаадын пүүсүүд "Азийн санхүүгийн төв"-ийг орхиж, Хятад, эсвэл Сингапур, Сөүл зэрэг шинэ байрлалд шилжин суурьших эрсдэлтэй.
Тэгвэл Хонконг олон улсын бизнесийн төв гэгддэг нэр хүндээ алдаж, Хятадын эдийн засагт хувь нэмэр оруулах боломжгүй болох юм. Бизнесийн аялагчид болон импортын бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байдаг тус арлын өрсөлдөгч санхүүгийн төв болох Сингапур нь хилийн хяналт болон бусад хязгаарлалтаа аль хэдийн хөнгөвчилжээ.
Хонконг 2021 оны ихэнх хугацаанд цар тахлыг хяналтдаа байлгаж чадсан хэдий ч олон тооны хөл хорио, аялал жуулчлалын хязгаарлалтын улмаас дэлхийн хамгийн тусгаарлагдмал газруудын нэг болсон билээ. Гэвч энэ сард халдварын тархалт нэмэгдэх болсон бөгөөд орон нутгийн эрх баригчид үүнийг хянахын тулд тэмцэж байна.
Одоогийн байдлаар тус бүс нутгийн хүн амын ердөө 70 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан бол Сингапурын хувьд энэ үзүүлэлт 91 хувьтай байгаа аж. Хонконгийн ихэнх өндөр настан вакцинд огт хамрагдаагүй болохыг албаныхан онцолжээ.
Сэтгэгдэл үлдээх