Спортын арбитрийн шүүхээс допингийн хэрэгт холбогдоод байгаа ОХУ-ын тамирчин Камила Валиева асуудлыг өчигдөр (2022.02.13) хэлэлцэж, дөнгөж сая эцсийн шийдвэрээ танилцууллаа.
Үүссэн асуудлыг сануулахад, Бээжин олимпын уран гулгалтын багийн төрлийн уралдаанд ОХУ-ын баг түрүүлсэн. Гэвч тэмцээний дараа шагнал гардуулах ёслол болоогүй. Учир нь эмэгтэй ганцаарчилсан төрлийн Камила Валиевагийн өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн дээр өгсөн сорьцоос хориотой бодис илэрсэн юм. Энэ хариуг аваад Оросын допингийн эсрэг агентлаг энэ сарын 8-нд түүний тэмцээнд орох эрхийг хассан. Гэхдээ маргааш нь буюу 9-нд сэргээжээ.
Оросын допингийн эсрэг агентлагийн энэ шийдвэрийг ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо эсэргүүцэж, Спортын арбитрын шүүхэд хандсан юм.
Спортын арбитрын шүүхээс зарласан хуралд Валиева видеогоор холбогдож, байцаалт өгчээ.
Шийдвэр гаргахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Нэгдүгээрт, арванхоёрдугаар сарын 25-нд авсан шинжилгээний хариу яагаад хоёрдугаар сарын 8-нд ирсэн... Олимп болох гэж байхад тийм удаан шинжилсэн нь сэжиг төрүүлж байгаа. Мөн 15 настай буюу насанд хүрээгүй тамирчны нэрийг шууд сэжигтнээр зарлаж, хууль зөрчсөн гэх мэт шалтгааныг чухал болгожээ. Иймд шүүх эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй шийдвэр гаргахаас өөр аргагүй болсон бололтой.
Сэтгэгдэл үлдээх