Валиевагийн сэргээшийн асуудлыг Спортын Арбитрын Шүүх мөрдөн шалгаж байна. Өнгөрсөн Ням гарагт шүүгч нар Валиевагаас мэдүүлэг авсны дараа Бээжин 2022 наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөх зөвшөөрөл олгосон юм.
Уг тэмцээний богино үзүүлбэрийн төрөлд оролцсон тэрбээр өчигдөр хамгийн өндөр оноо авсан байна.
Өчигдөр Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) сахилгын хорооны тэргүүн Денис Освальд ярихдаа “Валиева уудаг эмээ өвөөгийнхөө эмтэй санамсаргүй хольсноос сэргээшийн шинжилгээнд унасан” гэж түүний өмгөөлөгчид нь тайлбарласныг мэдээлжээ.
Өмгөөлөгчдийн энэ тайлбар тамирчин охины цаашдын хувь заяанд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна.
Освальд 2014 оны Сочигийн өвлийн олимпын үеэр Оросын тамирчид сэргээшийн асуудлыг шалгах хороог тэргүүлж байсан юм.
Валиевагийн сорьцоос илэрсэн триметазидин хэмээх эмийг зүрхний үйл ажиллагааг дэмжихэд хэрэглэдэг. Гэхдээ тамирчдын биеийн хүч чадлыг нэмэгдүүлдэг гэсэн шалтгаанаар ОУОХ хориотой эмийн жагсаалтад оруулж байжээ.
ОУОХ хэдийгээр Валиевад тэмцээнээ үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн ч эхний гурван байранд орсон тохиолдол медаль гардуулахгүйгээ мэдэгдээд байгаа.
Сэтгэгдэл үлдээх