АНУ-ын ахмад зүтгэлтэн Хенри Киссинжер Украин дахь Оросын зэвсэгт хүчнийг бут ниргэх гэсэн барууны орнууд уг оролдлогоо зогсоохыг уриалж, энэ нь Европын урт хугацааны тогтвортой байдалд гамшигт үр дагавар авчрах болно гэж анхааруулжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Хүйтэн дайны үед АНУ, Хятад хоёрыг ойртуулж байсан дипломатч тэрбээр Давосын чуулган дээр хэлсэн үгэндээ барууныхан тухайн үеийн уур амьсгалд автаж, шийдвэр гаргах нь Европын хүчний тэнцвэрт сөргөөр нөлөөлнө гэжээ. Киссинжер "Үймээн самуун, хурцадмал байдал үүсэхээс өмнө дараагийн хоёр сарын дотор хэлэлцээрийг эхлүүлэх хэрэгтэй. Дайныг цааш үргэлжлүүлэх нь Украины эрх чөлөөний тухай биш, харин Оросын эсрэг шинэ дайн бий болоход нөлөөлнө" гэжээ. Тэрбээр Дэлхийн эдийн засгийн форумд оролцохдоо “ОХУ 400 жилийн турш Европын чухал хэсэг байсаар ирсэн бөгөөд эгзэгтэй үед Европын хүчний бүтцийн тэнцвэрт байдлын баталгаа болж ирсэн. Европын удирдагчид урт хугацааны харилцаагаа мартаж болохгүй. Оросыг Хятадтай байнгын холбоотон болгож болохгүй” гэжээ. Хүнс, эрчим хүчний хямрал гүнзгийрэхийн хэрээр Владимир Путиний эсрэг барууны эвслийн холбоо суларч байгаа бөгөөд хориг арга хэмжээ хязгаартаа хүрсэн байж болзошгүй байгаа юм. Германы дэд Канцлер Роберт Хабек Давосын чуулга уулзалтын үеэр Европын холбооны зарим нэгэн орон газрын тосны хоригийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх оролдлогыг саатуулж буй талаар онцолжээ. АНУ-ын Бүгд найрамдах намын 11 сенатор, 57 конгрессмен Украинд үзүүлэх 40 тэрбум ам.долларын тусламжийн багцын эсрэг санал өгсөн нь Вашингтон дахь эв нэгдэл хуваагдаж байгаагийн анхны шинж тэмдэг юм.
Сэтгэгдэл үлдээх