АНУ 06-р сарын 01-н гэхэд дефолт зарлахад хүрч болзошгүй байгааг Сангийн сайд Жанет Йеллен даваа гарагт Конгрессын удирдлагуудад хаягласан захидалдаа анхааруулжээ. Хэрэв Конгресс зургаадугаар сарын эхэн үе гэхэд өрийн дээд хязгаарыг өсгөх эсвэл түдгэлзүүлэх арга хэмжээ авахгүй бол Сангийн яам Засгийн газрын үүргийг биелүүлж чадахгүй болно гэж Ж.Йеллен мэдэгджээ.
Өмнө нь дефолт зарлахад хүрч болзошгүй байгаа талаар АНУ-ын Сангийн сайд тавдугаар сарын эхээр анхааруулж байсан юм. Сангийн сайд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, Нэгдсэн улсын орлого, зарлагын талаарх нэмэлт мэдээлэлтэй танилцсаныхаа дараа ийм дүгнэлтийг дахин хийжээ.
“Өрийн таазыг өндөрсгөх эсвэл түдгэлзүүлэх шийдвэрийг “эцсийн мөч хүртэл хойшлуулах” нь бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн итгэлийг хөсөрдүүлж, татвар төлөгчдийн хувьд богино хугацааны зээлийн өртөг нэмэгдэхээс гадна, АНУ-ын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж Ж.Йеллен анхааруулсан байна.
Төсөв, өрийн таазын асуудлаар Конгрессын удирдалгуудтай хийх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хоёр дахь уулзалт өнгөрсөн баасан гарагт болох байсан ч энэ мягмар гарагт болгож хойшлуулжээ. Талууд 2024 оны санхүүгийн жилийн төсвийн асуудлаар өнгөрсөн мягмар гарагт хэлэлцсэн ч дорвитой үр дүнд хүрч чадаагүй юм.
Хэдийгээр Ж.Байден хоёр дахь уулзалтыг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлсэн боловч Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти даваа гарагт мэдэгдэхдээ, уулзалтаас өмнө өрийн таазын асуудлаарх хэлэлцээнд “ямар ч ахиц дэвшил” гараагүй гэсэн байна.