Эрдэмтэд Атлантын далайн ёроолд 3800 метрын гүнд буй Титаник хөлөг онгоцны үлдэгдлийн анхны бүрэн хэмжээний дижитал зургийг бүтээжээ. Сүйрсэн Титаник яг л хуурай газар ил хэвтэж байгаа мэт харагдах, гайхалтай гурван хэмжээст зургийг бүтээхдээ далайн гүний зураглалын аргыг ашигласан байна.
Судлаачид энэхүү зураг нь 1912 онд мөсөн уултай мөргөлдсөнийхөө дараа уг хөлөг онгоцонд яг юу тохиолдсон талаар илүү их зүйлийг олж мэдэхэд тус дөхөм болно гэдэгт найдаж байгаа ажээ Дөнгөж үйлдвэрээс гарсан Титаник хөлөг Саутхемптоноос Нью-Йорк хүрэх. анхны аяллынхаа үеэр мөсөн уул мөргөж, живсний улмаас 1500 гаруй хүн амиа алдсан юм.
“Энэ хөлөг онгоцны талаар одоог хүртэл хариултаа хүлээж буй олон асуулт бий. Энэхүү загвар нь Титаникийн түүхийн талаар нотолгоонд тулгуурласан судалгааны анхны том алхмуудын нэг болж байна” гэж Титаникийн шинжээч Паркс Стефенсон ярилаа. Анх 1985 онд Титаникийн үлдэгдлийг олсноос хойш өргөн хүрээний судалгаа хийгдсэн боловч далайн гүний харанхуйгаас болоод зарим чухал хэсгийн зургийг л хэсэгчлэн авч байснаас асар том хөлөг онгоцыг бүхэлд нь харуулсан зураг дарах боломжгүй байв. Харин шинээр скандаж гаргаж авсан загвар нь сүйрсэн Титаникийг бүхэлд нь харах боломж олгож буй юм. Хөлгийн скан зургийг далайн гүний зураглалын “Magellan Ltd” компани болон төслийн талаар баримтат кино хийж байгаа “Atlantic Productions” компани 2022 оны зун авчээ.
Төслийн багийнхан 200 гаруй цаг ажиллаж, усны гүнд алсын удирдлагатай шумбагч төхөөрөмжөөр хөлөг онгоцны зургийг тал бүрээс нь авчээ. Судлаачид 700 мянга орчим дүрс авсны эцэст бүрэн хэмжээний "3D" загварыг бүтээсэн байна. Живсэн хөлөг онгоцыг далай аажмаар үгүй хийж байгаа бөгөөд түүний яс бие бичил биетүүдэд идэгдэж, хэсэг хэсэгт задарсаар байгаа ажээ. Харин одоо "3D" загвартай болсон тул Титаник нууцаа дэлгэнэ гэж судлаачид найдаж байна.