Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг долоон удаа хүртсэн манай гарагийн цорын ганц хөлбөмбөгчин Лионел Месси ПСЖ клубыг орхихоор шийдээд байгаа билээ. Түүнийг Франц дахь сүүлчийн тоглолтодоо оролцсоны дараагаар ПСЖ клуб инстаграмын 600 мянган дагагчаа алджээ. Харин Барселона клуб Мессиг эргүүлэн авчрахаар Ла лигийн Удирдах зөвлөлтэй зөвшилцөж байна.
Сүүлийн үед Ла лигийг зохион байгуулагчдын зүгээс Мессиг ирүүлэхийг зөвшөөрсөн гэсэн албан бус мэдээллүүд цацагдаж байгаа юм. Ямартаа ч Лионел Мессигийн аав Хорхе Месси Барселонагийн ерөнхийлөгч Лапортатай уулзсаныхаа дараа "Лео Барселона руу буцаж ирэхийг хүсч байна, би түүнийг Барсад буцаж ирээсэй гэж хүсч байна. Барса руу шилжих нь миний хувьд гарцаагүй сонголт" гэж мэдэгдээд буй. Гэхдээ түүнд өөр нэг хүчтэй сонголтын боломж байгаа нь Карим Бензематай тохиролцоонд хүрээд буй Саудын Арабын "Аль Иттихад" багийн санал юм. Энэ нь мэдээж асар өндөр мөнгөн дүнтэй цалингийн боломж билээ.