Бээжин хот болон Шаньдун мужид коронавирусээр халдвар тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул коронавирусийн шинжилгээ авах газруудыг дахин нээсний дээр Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллагууд олныг хамарсан халдварын шинэ давалгаа дахин гарна гэж сэрэмжлүүлж байгаа гэнэ. Тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Бээжин хотод коронавирусийн шинжилгээ авах цэгүүд дахин ажиллаж эхэлсэн бөгөөд 09:00-17:00 цагийн хооронд ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа гэнэ. Мөн Бээжин хотод хоёр болон гурав дахь удаагаа халдвар дахин авах тохиолдлууд эрс нэмэгдэж байгаа аж.
Түүнчлэн Шаньдун мужид халдварын тоо нэмэгдэж байгаа тул шинжилгээ авах цэгүүдийн ажиллагааг сэргээжээ. Энэ мужид тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүссэн хүн бүрт үйлчлэх шинжилгээний цэгүүд ажиллаж эхэлсэн байна. Эдгээр цэгүүд долоо хоногийн туршид 07:00-16:00 цагийн хооронд ажиллаж байгаа гэнэ.