“Apple” компанийн танилцуулсан “iPhone” гар утасны шинэ загваруудын урьдчилсан захиалга өнгөрсөн баасан гарагт дэлхийн 40 гаруй улсад эхлээд байгаа бөгөөд энэ сарын 22-ноос худалдаанд гарна. Хэдий тийм боловч худалдаалах үнэ нь 1199 ам.доллароос эхлэх “iPhone 15 Pro Max” загварын эрэлт өндөр байгаатай холбоотойгоор нийлүүлэлт эхлэх товыг есдүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын дунд үе хүртэл хойшлуулжээ.
“iPhone 15” цувралын “Pro” загвар нь стандарт загвартайгаа адил 6.1 (Pro) ба 6.7 (Pro Max) инчийн дэлгэцийн хэмжээгээр ялгаатай хувилбаруудтай. Цэнэглэгч порт нь USB-C стандартад шилжсэн, стандарт загвартай харьцуулахад 20 дахин өндөр хурдаар (10Gbps) дата дамжуулдаг. “Apple” компани энэ удаад “Pro” загварынхаа эх биеийг сансрын хөлгийн үйлдвэрлэлд ашиглагддаг титанаар хүрээлсэн бөгөөд титан нь нягт болон жингийн харьцаа хамгийн сайн металлуудын нэг тул өмнөх бүх “Pro” загваруудаас хамгийн хөнгөн жинтэй нь болжээ. Бас дэлгэцийн хүрээ нь өмнөхөөсөө нимгэрэхэд титан хийц нөлөөлснийг онцолж байгаа юм.
Мөн хамгийн сүүлийн үеийн A17 чип, 48MP-ийн үндсэн камераар тоноглогдсон, дурангийн оптик татах хүч “Pro” хувилбарт 3х бол “Pro Max” хувилбарт 5х болжээ. "iPhone 15" цувралын стандарт загварын худалдаалах үнэ 799 ам.доллар, "iPhone 15 Plus" загвар нь 899 ам.доллар, "iPhone 15 Pro" загвар нь 999 ам.доллар, "iPhone 15 Pro Max" загвар нь 1199 ам.доллароос эхэлж байгаа юм. Нийлүүлэлтийн сүлжээний саатал, бараа материал, логистикийн асуудлууд нь дээрх загварын гар утсыг зах зээлд нийлүүлэх товд нөлөөлж магадгүй байна гэж “Apple” компани мэдэгджээ.