40 гаруй жил хүүхдүүдийг үнэгүй хооллосон Японы иргэн, 90 настай Чикако Накамото “Майничи” сонинд ярилцлага өгчээ.
Тэрбээр, өнгөрсөн хугацаанд ар гэрийн бололцоо муутай, өлсөж цангасан 300 гаруй хүүхдийг хооллож өсгөсөн бөгөөд энэ ажлыг хийж эхэлсэн шалтгаанаа “Гэдэс цатгалан хүн муу юм хийдэггүй” гэж тайлбарласан байна.
Ч.Накамото анх хүүгийнхээ сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүн болоод, цагдаад саатуулагдсан сурагчийг очиж авахдаа Цагдаагийн газарт хүүхдэд зориулсан сайн дурын ажил хийхээр болжээ. Ингээд удалгүй 1980 онд будаг шингэлэгч үнэрлэн сургуулиас завсардсан хүүтэй уулзсан байна. Тэр хүүхэд өлссөндөө будаг шингэлэгч үнэрлэснийг Ч.Накамото олж мэдээд гэртээ аваачин хооллож асарсаар хүү ч сургуульдаа явдаг болжээ. Яваандаа тэр хүү найзуудаа Ч.Накамотогийнд авчрах болов. Тэгтэл хүүхдүүдийн ихэнх нь савх ч барьж чаддаггүй, хоол унд, амьдрах нөхцөлөөр тааруу байжээ. Тиймээс Ч.Накамото гуай бүгдийг нь зөв хооллоход сургасан бөгөөд хүүхдүүд ч буруу юм хийхээ больжээ. Өлсөх, ганцаардах, амьдралын орчин тааруу байх нь хүүхдүүдийг буруу зам руу хөтөлдөг учраас үүнийг зогсоох ёстой гэж Ч.Накамото үздэг аж. Тийм ч учраас гэр нь хоолны газар төдийгүй хүүхдүүдийн айх аюулгүй амар тайван байдаг газар болсон байна. Тэрбээр хоол хийх материалаа эхний арван жил өөрийнхөө мөнгөөр авсан бол явцын дунд хүмүүс хандив өгдөг болжээ. Цар тахлын үед хүмүүс цуглаж суугаад хоол идэх боломжгүй байсан тул хааяа хоол бэлдэж савлаад хүүхдүүдийн гэрийн гадаа хүргэж өгдөг байв. Хүүхэд хооллодог эмээгийн тухай радиогоор сонссон нэгэн хоригдол түүнд бичсэн захидалдаа “Би тантай уулзахыг хүүхэд байхаасаа мөрөөдсөн” гэж бичсэн байжээ. Ч.Накамото гуай өдгөө хооллож, хайрлаж өсгөсөн хүүхдүүдээсээ хуримын мэдээ, бэлэг сэлт хүлээж авдаг болсон бөгөөд “Би энэ ажлаа үхэн үхтлээ хийнэ. Хүүхдүүд зөв газраа алдах учиргүй” хэмээн сонины сурвалжлагчид ярьжээ.