“Apple” компани Хятад дахь албан ёсны “Tmall” сайт дээрээ хямдралын кампанит ажил эхлүүлж, “iPhone”-ын зарим загварт 2300 юань (318 доллар) хүртэлх үнийн хямдрал зарлажээ. АНУ-ын технологийн аварга компани “Huawei” зэрэг орон нутгийн үйлдвэрлэгчийн өрсөлдөөн нэмэгдэж буйтай холбоотойгоор өндөр зэрэглэлийн ухаалаг гар утасны зах зээл дэх байр сууриа хамгаалахыг эрмэлзэж байгаатай холбогдуулан энэхүү хямдралыг зарлаж байгаа аж. Хоёрдугаар сард зарласан хямдралаар хамгийн өндөр хөнгөлөлт нь 1150 юань байсан бол энэ удаад 2300 юань хүртэл хямдарсан байна. Хамгийн огцом хямдрал нь “iPhone 15 Pro Max” загварт хамаатай бол бусад загваруудад арай бага хямдрал үзүүлж байгаа аж. Тухайлбал, “iPhone 15”-ын үндсэн загварын 128 ГБ багтаамжтай хувилбар нь 1400 юанийн хямдралтай үнээр худалдаалагдаж байна.
Өнгөрсөн наймдугаар сард “Huawei” компани “Mate 60” гар утсаа худалдаанд гаргасны дараагаар өнгөрсөн сард “Pura 70” хэмээх шинэ загварын ухаалаг гар утсыг танилцуулж өрсөлдөөн нэмэгдсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард “Apple” компани хямдрал зарласан нь Хятад дахь борлуулалтын удаашралыг бууруулахад тусалсан. Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн академийн (CAICT) мэдээлэлд үндэслэн “Reuters” агентлагийн тооцоолсноор 2024 оны эхний хоёр сард БНХАУ дахь “iPhone”-ын борлуулалтын 37 хувиар буурсан үзүүлэлттэй харьцуулахад сүүлийн үед мэдэгдэхүйц сайжирч байгаа аж.