2001 онд анх дэлгэцнээ гарч, үзэгчдийг байлдан дагуулсан “Шрек” цуврал ирэх жил цоо шинэ анги, шинэ адал явдлаар эргэн ирэх гэж байна. Цувралын дөрөвдүгээр анги 2010 онд цацагдаж байсан бөгөөд үүнээс хойш 16 жилийн дараах бүрэн хэмжээний кино болон цацагдаж байгаа нь үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд буй.
"DreamWorks Animation" студийн мэдээлснээр “Шрек 5” кино 2026 оны 12-р сарын 23-нд нээлтээ хийхээр төлөвлөгджээ. Уг нь 2026 оны долоодугаар сард цацагдах товтой байсан ч тэр үеэр “Minions 3” гарах гэж байгаа учир хойшлогдсон байна. Ямартай ч бидний хайртай баатрууд дахин гайхалтай адал явдлыг туулах нь ээ.
Цувралд Шрек болон Фионагийн хүүхдүүд өсөж том болж буйгаар үйл явдал өрнөх юм. Зарим эх сурвалжуудын мэдээллээр, Шрекийн гэр бүл хаант улсын шинэ аюултай тулгарах бөгөөд илжиг, муур хоёр энэ бүхнийг улам хөгжилтэй болгоно гэжээ. Үндсэн жүжигчдээс гадна шинээр Zendaya нэмэгдэж ажиллаж байгаа аж. Тэрээр Шрек, Фиона нарын охин Фелисиагийн дүрийг бүтээхээр болжээ.