Уртасгасан цагаар ажиллах нь танд муугаар нөлөөлөөд зогсохгүй тархины бүтцийг өөрчилдгийг шинэ судалгаа харуулжээ. Мягмар гарагт нийтлэгдсэн судалгаанд хэт их ачаалалтай ажилладаг хүмүүсийн тархинд ихээхэн өөрчлөлт гарсан талаар онцолжээ. Судалгааг Өмнөд Солонгосын Чун-Ан их сургууль болон Йонсей их сургуулийн эрдэмтэд хамтран хийсэн бөгөөд 110 хүнийг “хэт ачаалалтай” болон “хэт ачаалалгүй” гэсэн хоёр бүлэгт ангилжээ. Өмнөд Солонгост хэт их ажиллах нь нийгмийн эрүүл мэндийн асуудал болоод байна. Долоо хоног бүр 52 ба түүнээс дээш цаг ажилладаг хэт их ачаалалтай бүлэгт өндөр боловсролтой 32 хүн багтжээ. Өөр өөр судалгааны болон MRI сканнерын өгөгдлийг харьцуулснаар судлаачид ажилчдын тархины эзлэхүүнийг шинжилсэн байна.
Долоо хоногт 52 ба түүнээс дээш цаг ажилласан хүмүүс стандарт цагаар ажилладаг оролцогчдоос ялгаатай нь гүйцэтгэх үйл ажиллагаа, сэтгэл хөдлөлийн зохицуулалттай холбоотой тархины бүсэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байжээ.
"Шинэ чухал нотолгоо"
Урт ажлын цаг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг өмнөх судалгаануудаар мөн тогтоосон. 2021 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) хамтарсан судалгаагаар хэт их хөдөлмөрлөснөөр жилд 745,000 гаруй хүн нас бардаг байна. Мөн олон цагаар ажиллах нь эмэгтэйчүүдийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж, танин мэдэхүйн чадвар буурахад нөлөөлдөг болохыг тогтоожээ. ДЭМБ-ОУХБ 2021 оны судалгааг ахалсан Фрэнк Пега “Сүүлийн үеийн судалгаанууд нь ажлын цаг нь ажилчдын биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг илүү сайн ойлгоход туслах "чухал шинэ нотолгоо" болж байна” гэдгийг тодотгожээ.
https://edition.cnn.com/2025/05/13/health/long-working-hours-study-scli-intl-wellness
Сэтгэгдэл үлдээх