Сэтгүүлчдийн эрхийг хамгаалдаг Парист төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын төрийн бус байгууллагын мэдээлснээр, 2025 онд дэлхий даяар амиа алдсан сэтгүүлчдийн тоо огцом өссөн байна. Тайланд дурдсанаар, нэг жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн 67 ажилтан амиа алдсан бөгөөд тэдний 53 нь “цэргийн бүлгүүд болон зохион байгуулалттай гэмт хэргийн” хохирогч болжээ.
“Сүүлийн 12 сарын хугацаанд амиа алдсан сэтгүүлчдийн тэн хагас орчим нь /43 хувь/ Газад Израилын цэргийнхний гарт амиа алдсан” гэж тайланд бичсэн байна. 2023 оны 10 дугаар сараас хойш ойролцоогоор 220 орчим сэтгүүлч амиа алдсан бөгөөд тэдний 65-ыг нь мэргэжил, ажлынх нь улмаас онилон хөнөөсөн гэдгийг нэмж дурджээ.
Газын зурвасын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны мэдээллээр, дайн эхэлснээс хойш Газад Израилын арми хамгийн цөөндөө 257 палестин сэтгүүлчийг хөнөөжээ. Израил мөн гадаадын сэтгүүлчдийг саатуулсан тоогоороо хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд 2025 онд 20 палестин сэтгүүлч шоронд хоригдож, сүүлийн хоёр жилийн хугацаанд Газа болон Баруун эрэгт 16 сэтгүүлч баривчлагджээ.
Харин Мексикт есөн сэтгүүлч амиа алдсанаар “сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай хоёр дахь улс” болсон бол Хятад 121 сэтгүүлчийг хорьсон үзүүлэлтээр хамгийн олон сэтгүүлчийг хорьсон улс болжээ. Түүнчлэн сэтгүүлчид өөрийн улсад илүү их эрсдэлтэй тулгардаг гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага мэдэгджээ. Учир нь амиа алдсан сэтгүүлчдийн хоёроос бусад нь эх орондоо ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан байна.
“Суданд мөргөлдөөн үргэлжилсээр байгаа тул сэтгүүлчид ноцтой хүчирхийлэлд өртөж байна” гэж уг тайланд дурджээ. Шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхэн 2025 онд дөрвөн сэтгүүлчийг хөнөөсний хоёр нь уг босогчдын бүлэглэлд хулгайлагдсан байна.
Сэтгэгдэл үлдээх