Израиль, Америкийн зэвсэгт хүчин хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн өглөө Ираны эсрэг цуврал цохилт өгч, Тегеран, Исфахан, Табриз хотыг бөмбөгдсөн.
Израилийн Батлан хамгаалах яам орон даяар түгшүүрийн дохио дуугарч, оршин суугчдыг хоргодох байр руу явахыг уриалахын зэрэгцээ "Израиль улс тулгарч буй аюул заналхийллийг арилгахын тулд Ираны эсрэг урьдчилан сэргийлэх цохилт өглөө" гэж мэдэгдэв. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Бидний зорилго бол Ираны дэглэмээс ирж буй аюул заналыг арилгах замаар Америкийн ард түмнийг хамгаалах явдал юм" хэмээгээд томоохон байлдааны ажиллагаа эхлүүлснээ зарласан. Тэрбээр "Бид тэдний пуужингуудыг устгаж, пуужингийн үйлдвэрлэлийг нь бүрмөсөн устгах болно” гэдгээ мэдэгдээд сүүлийн хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн АНУ-Иран хэлэлцээ амжилтгүй болсон гэдгийг мөн тодотгосон байна.
АНУ, Израиль яагаад Иран руу дайрсан бэ
Трамп энэ удаагийн цэргийн ажиллагааны зорилго нь "Иран цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэдгийг баталгаажуулах" гэж мэдэгджээ. Тэрбээр Ираны ард түмнийг шашны байгууллагыг түлхэн унагахад бэлэн байхыг уриалж "Бид үйл ажиллагаагаа явуулж дуусмагц та нар Засгийн газраа ав. Засгийн газар та нарынх байх болно. Энэ нь та нарын цорын ганц боломж байх болно" гэжээ. АНУ-ын зүгээс "Эпик уур хилэн" ажиллагаа гэж нэрлэсэн энэхүү томоохон цэргийн ажиллагаа нь хэрвээ Иран цөмийн хөтөлбөрийн асуудлаар шинэ хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөхгүй бол цэргийн ажиллагаа явуулах тушаал өгнө гэж Трампыг сүрдүүлсний дараа болж байна. АНУ-ын Цэргийн төв командлал "Ираны дэглэмийн аюулгүй байдлын аппаратыг татан буулгаж, аюул заналхийлж буй газруудыг эрэмбэлнэ" гэж мэдэгдсэн.
Ямар улс орнууд халдлагад өртсөн бэ
Израилийн нисэх хүчин АНУ-тай хамтран хийсэн довтолгооны үеэр өнгөрсөн өдрүүдэд Ираны 31 мужийн 24 нэгжид байрлах 1200 гаруй зэвсгийн үйлдвэр агуулахыг устгажээ. Харин Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC) АНУ-ын цэргүүд байрладаг Ойрхи Дорнод дахь 27 бааз, Тель-Авив болон Израилийн бусад хэсэгт Израилийн цэргийн байгууламжууд руу халдлага үйлдсэн байна. Одоогийн байдлаар Иран бүс нутгийн Бахрейн, Ирак, Йордан, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг найман оронд цохилт өгөөд байна.
Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн оролцоо
Ойрхи Дорнодод АНУ хэдэн арван жилийн турш цэргийн бааз ажиллуулж ирсэн. Гадаад харилцааны зөвлөлийн мэдээлснээр АНУ нь бүс нутгийн 19-өөс доошгүй байршилд байнгын болон түр цэргийн байгууламжтай байна.
Эдгээрийн найм нь Бахрейн, Египет, Ирак, Иордан, Кувейт, Катар, Саудын Араб, АНЭУ-д байрладаг байнгын бааз аж. АНУ-ын хамгийн олон цэрэг байрладаг улсууд бол Катар, Бахрейн, Кувейт, АНЭУ, Саудын Араб юм. Эдгээр улс нь АНУ-ын агаарын болон тэнгисийн цэргийн ажиллагаа, бүс нутгийн ложистик, тагнуулын мэдээлэл цуглуулах, чухал төвүүд болдог.
Хэчнээн хүн амиа алдаж, шархадсан бэ
Ням гарагийн өглөөний 15:00 цагийн байдлаар Иранд 201 хүн нас барж, 747 хүн шархаджээ. Түүнээс хойш Иран даяар дэлбэрэх чимээ сонсогдсоор байгаа аж. Хамгийн олон хүний аминд хүрсэн тохиолдол Ираны зүүн өмнөд хэсэгт орших Минаб хотод бүртгэгдсэн бөгөөд бага насны охидын сургууль руу халдсаны улмаас 148 хүн амиа алдаж, 95 хүн шархадсан байна.
Израиль:нас барсан: 9, шархадсан: 121
Ням гарагийн үдээс хойш Израилийн төв хэсэгт орших Бейт-Шемеш рүү Ираны баллистик пуужин харвасны улмаас найман хүн амиа алдаж, багадаа 121 хүн гэмтэж бэртсэний нэг нь хүнд байгаа аж. Өнгөрсөн бямба гарагт Ираны цохилтын улмаас Тель-Авив хотод дор хаяж 40 барилга сүйдсэн тадаар Израилийн “Haaretz” сонин мэдээлжээ.
Бүс нутаг руу аялах нь хэр аюултай вэ
“Wizz Air” энэ сарын 7 хүртэл Израиль, Дубай, АНЭУ-ын Абу Даби, Йордан дахь Амман, Саудын Араб руу мягмар гараг хүртэл нислэгээ зогсоожээ. “British Airways” Тель-Авив, Бахрейн руу хийх нислэгээ лхагва гараг хүртэл цуцлаад байна. Швейцарийн олон улсын агаарын тээврийн компани мэдэгдэлдээ "Швейцарь болон “Lufthansa” группийн агаарын тээврийн компаниуд Тель-Авив, Бейрут (Ливанд), Амман, Эрбил (Ирак) болон Тегеран руу хийх нислэгээ гуравдугаар сарын 7 хүртэл зогсооно гэжээ. Эмиратс Дубай руу болон буцах үйл ажиллагаагаа түр зогсоолоо. “Lufthansa”, “Air India”, “Virgin Atlantic”, “Turkish Airlines” компаниуд мөн нислэгээ цуцалж байгаагаа мэдэгдэв. Бүс нутгийн зарим улс, тэр дундаа Ирак, Йордан зэрэг улсууд агаарын хилээ хаажээ. Арабын Нэгдсэн Эмират улс урьдчилан сэргийлэх үүднээс агаарын орон зайгаа "хэсэгчилсэн болон түр хугацаагаар" хаасан гэж тус улсын хэвлэлд мэдээлэв.
Эдийн засагт үзүүлэх нөлөө
Иран нэгдүгээр сард өдөрт ердөө 3 сая баррель газрын тос олборлож, ОПЕК-ийн дөрөв дэх том газрын тос үйлдвэрлэгч орон болсон. Тус Исламын Бүгд Найрамдах Улс нь дэлхийн нефтийн худалдааны дэлхийн хамгийн чухал усан зам болох Ормузын хоолойтой эрэг дагуу оршдог. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн Цагаан ордны эрчим хүчний зөвлөх асан Боб МакНалли Вашингтоны довтолгооны эсрэг Ираны хариу арга хэмжээний улмаас зах зээлд учирч болзошгүй аюулыг худалдаачид дутуу үнэлж байна гэдгийг тодотгожээ. Баасан гарагт Брент маркийн нефтийн үнэ 1,73 ам.доллар буюу 2,45 хувиар өсөж, баррель нь 72,48 ам.доллар болсон бол АНУ-ын баруун Техасын газрын тосны үнэ 1,81 ам.доллар буюу 2,78 хувиар өсөж 67,02 ам.долларт хүрсэн байна.
Ираны талаас Ормузын хоолойг арилжааны тээвэрлэлт хийх боломжгүй болгож Ерөнхийлөгч Дональд Трампыг айлгах гэж оролдож магадгүй бөгөөд ингэснээр баррель газрын тосны үнэ 100 ам.доллароос дээш өсөх магадлалтай гэж МакНалли үзэж байна. Эрчим хүчний зөвлөх компани Kpler-ийн мэдээлснээр, 2025 онд өдөрт 14 сая гаруй баррель газрын тос тус хоолойгоор урссан нь дэлхийн далайн түүхий нефтийн экспортын гуравны нэгийг бүрдүүлжээ. Эдгээр торхны дөрөвний гурав орчим нь Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгосыг чиглэжээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс түүхий нефтийн импортынхоо тал хувийг тус хоолойноос авдаг.
Дэлхийн нефтийн нөөц нь Персийн булангийн орнуудаас ирдэг бөгөөд хаагдсан тохиолдолд хоолойг давж импортлох боломж хомс аж. Түүнчлэн дэлхийн шингэн байгалийн хийн экспортын 20 орчим хувь нь энэ хоолойгоор урсдаг бөгөөд гол төлөв Катараас гардаг бөгөөд үүнийг нөхөх боломжгүй гэж судлаачид үзэж байна.
Хэрэв нефтийн үнэ огцом өсвөл Трампын засаг захиргаа Стратегийн газрын тосны нөөцийг ашиглах боломжтой гэж “ClearView Energy Partners”-ийн судалгааны менежер Кевин Бук мөн онцолсон байна. Эрчим хүчний яамны мэдээллээр одоогийн байдлаар нөөц нь 415 сая баррель орчим нөөцтэй байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх