НҮБ-ээс Иранд охидын сургуульд өгсөн цохилтыг хараат бусаар мөрдөн шалгахыг уриалав

ЖЕНЕВ, Гуравдугаар сарын 3
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн алба Ираны өмнөд хэсэгт байрлах охидын сургуульд цохилт өгч, хүний амь эрсэдсэн хэрэгт яаралтай, хараат бус мөрдөн шалгалт явуулахыг уриаллаа.

НҮБ-ын Хүний эрхийн албаны хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани Женев хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, уг халдлагын нөхцөл байдал болон хариуцлагатай этгээдийг тодруулах нь зайлшгүй шаардлагатай гэж онцлов.

Түүний хэлснээр, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрк энэ хэргийг яаралтай, хараат бус, бүрэн гүйцэд шалгахыг уриалсан байна. Мөн халдлагын талаар олон нийтийн сүлжээгээр тархсан дүрс бичлэгүүд нь мөргөлдөөний аймшигт үр дагаврыг тод харуулж байгааг дурджээ.

“Энэ бол үнэхээр аймшигтай хэрэг. Ийм халдлагын улмаас энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд өртөж байгаад бид гүнээ харамсаж байна” хэмээн Шамдасани хэлсэн байна.  

Уг цохилт бямба гарагт болсон бөгөөд тухайн өдөр АНУ болон Израиль Ираны эсрэг довтолгоо эхлүүлсэнтэй давхцсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио даваа гарагт мэдэгдэхдээ, АНУ-ын зэвсэгт хүчин сургуулийг санаатайгаар онилохгүй гэдгийг онцолсон бол Израилийн тал уг хэрэгт холбогдох нөхцөл байдлыг шалгаж байгаагаа мэдэгдсэн байна. Харин Ираны Женев дэх НҮБ-ын байнгын төлөөлөгч Али Бахрейни НҮБ-д илгээсэн захидалдаа уг цохилтыг “ямар ч үндэслэлгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл” хэмээн тодорхойлж, олон улсын түвшинд анхаарал хандуулахыг хүсжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх