Ц.Эрдэнэбаатар: Хүүхдүүдэд музей үнэгүй үзүүлснээр өв соёл, түүх, эх орноороо бахархах бахарлыг төрүүлдэг

Гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдрүүд” болгосноор ард иргэд, хүүхэд багачууд музей үнэгүй үзэж, өв соёл, түүхээрээ бахархах болсон. Музейг үнэгүй үзүүлснээр тухайн улс орны хүүхэд залууст эх оронч үзэл бий болох үндэс  суурь болдгийг хүн төрөлхтний түүх гэрчилдэг. Итали, Францад 18 хүртэлх насны хүүхдүүд музей үнэгүй үзэх эрхтэй бол Их Британи, Япон, Солонгост тодорхой тэмдэглэлт өдрүүдэд хүүхдүүд музей үнэгүй үздэг. Манай улсын хувьд Соёлын сайд асан Ч.Номин Музейн хуульд 16 хүртлэх насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзнэ гэх заалтыг тусгаж өгснөөр ирээдүй хойч үедээ өв соёлын томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн билээ.

Нээлттэй өдрүүдийн хүрээнд Богд хааны музейн захирал Ц.Эрдэнэбаатартай цөөн хором ярилцлаа.

  -Богд хааны музей оочер дараалал ямар байна вэ?

-Музейн нээлттэй өдрүүд гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ. Эхний өдөр 1000 гаруй хүн үзсэн. Амралтын өдөр байсан болоод ч тэрүү дараалал их байлаа. Өчигдөр цас орсон ч үзэгчдийн цуваа тасрахгүй байна. Хүүхэд багачууд ангиараа, мөн ээж, аавтайгаа ирж үзэж байна. Богд хааны үзмэрүүдийг маш их сонирхож байна.

-Богд хааны эдлэл хэрэглэл хүмүүст, ялангуяа залууст сонин байх нь мэдээж?

-Наймдугаар Богд шашин, төрийн хаанаас гадна хувь хүний хувьд маш онцгой нэгэн байсан нь мэдрэгддэг. Хувь тавилан ч онцгой содон, өрнүүн их түүхтэй хүн байжээ. Ертөнцийн сонин хачинд дуртай, маш ховор сонин цуглуулгатай хүн байсан. Тухайлбал, үхэр болон хүний чулуужсан тархи мөн лууны эвэр гэдэг ч юм уу. Лууг үлгэрийн амьтан гэдэг. Гэтэл манай музейд лууны эвэр байж байна. Үзэсгэлэнт галбарваасан мод гэж байна. Хуучны хүмүүс “Ганга мөрөн шиг доороосоо ундарч, галбарваасан зандан шиг үзүүрээсээ дэлгэрч яв” гэж ерөөдөг. Тэр модыг өнөө цагт үзсэн хүн ховор. Гэтэл манай музейд байна. Шашин, төрийг хослон барьсан хаан гэдэг утгаараа шашин төрийн ёс ямбаны хувцас хэрэглэл, тэр бүгдийнх нь бүтээсэн түүх нь байна. Богдууд дундаас хатан авсан нэг л хүн бий, наймдугаар Богд. Хаан төрийн түүхэнд хатангүй хаан гэж байдаггүй. Хатан эрдэнийн суудал эзгүй байх ёсгүй гэдэг зарчмыг хадгалсан. Хатан ирснээр Богдын дөрвөн ордон машид цэцэглэн хөгжсөн гэж түүхчид үздэг. Тухайн үеийн шашны мяндагтнууд уламжлалаа хадгалсан ном шашны хүмүүс байсан бол Богд их өөр хүн байсан. Машин сонирхож байх жишээтэй. Дэлхийн бүх үндэсний газар зүйн  нийгэмлэлгээс гаргаж байсан сэтгүүл номын цуглуулгатай, шинжлэх ухааны ололтыг биширдэг хүн байсан. Телефон утас гэдгийг Монголд анх Богдын ордонд тавьж, Ханд вангийн өргөө рүү анхны шугам татаж Богд хаан, Ханд ван хоёр утсаар шууд холбогдож байсан түүхтэй юм. Энэ бүхэн хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг.

-Музейн нээлттэй хаалганы өдрийг бий  болгосноор мөн 16 хүртэлх насны хүүхдүүдийг үнэгүй үзүүлдэг болгосон зэрэг нь ирээдүйд хойчид том хөрөнгө оруулалт болжээ гэж харагдаж байна?

-Тийм ээ, музейг олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй үзүүлэх Соёлын яамны бодлого маш зөв байсан. Ч.Номин сайд Музейн хуульд 16 хүртэлх насны хүүхдийг үнэгүй үзүүлэхийг хуульд тусгаж өгсөн нь хүүхэд залууст өв соёлоороо бахархах, түүхээ мэдэх, эх орноороо бахархах, зүгээр нэг бахархаад зогсохгүй мэдлэгийн сан арвижих маш том боломжийг нээж өгсөн гэж боддог. Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд улсын хэмжээнд 200-гаад мянган хүн музей үздэг, түүний 50 орчим хувь хүүхдүүд гэсэн статистик тоо бий.  

 Эх сурвалж: "Өдрийн сонин"

Сэтгэгдэл үлдээх