Гитарчин Өөжгий: Татар ажиллагаа, Миний ах атаман киног гаргахгүй, гаргавал хөгжмийг хасахыг хүсье

Гитарчин Өөжгий урлагийнхандаа хандан уриалга гаргаж, өөрсдөө үлгэрлэхийг санууллаа. Тэрбээр “За даа. Энэ улс эх орон хэцүүдэж байгаа юм байна. Энэ улстөрчдөө хар, хүүхдүүдээ хар, өөрсдийнхөө аж амьдралыг хар.

Хүүхдүүдийн гэмт хэргийн шинжтэй харгис зэрлэг үйлдлийг хараад би бол ингэж бодов.

Энэ бол насанд хүрэгчид бидний амьдралын толины тусгал л юм даа.

Ялангуяа урлагийнхан бид асар их буруутай.

Сүүлийн үеийн харгислал тамлалт, хэрүүл зодоон, шунал тачаал, эд хөрөнгийг магтан дуулсан монгол кино, дуу хуур, шүлэг зохиол хүүхдүүдэд ямар үлгэр үзүүлсэнийг бэлхнээ нийгмээрээ харлаа шүү дээ.

Өөрсдөө баахан тийм урлаг нэртэй хог хийчээд, хар тамхи, танхай дээрмийн хэрэгт орооцолдчихоод эргүүлээд энэ муу насанд хүрээгүй хүүхдүүдээс ёс зүй, хүмүүжил нэхэх ямар нүүр бидэнд байх вэ?

Дээр нь бас хэлэхэд энэ улс Солонгосын соёлын колони болоод удаж байна. Солонгосын соёлын довтолгоогоор тэдний хоол унд, дуу хөгжим, хувцас хунар орж ирэхийн хажуугаар хар сүүдрүүд нь ч даган орж ирж байна. Ялангуяа сургуулийн бүүлидэлт бол со кинон дээр маш их харагддаг сурагтай.

Одоо болъёоо бүгдээрээ.

Гэмт хэрэг, бүүллидэлт, хараал, ёс бус хэллэг, хар тамхи сурталчилсан урлагийн бүтээл гэх нэртэй хог новшнуудыг түгээхийг хорих хэрэгтэй.

Миний хувьд уг нь тийм хараал ширээл, ёс бус зүйл сурталчилсан урлагаас насаараа хол явж, гэгээн байлгахыг эрмэлзсэн. Гэхдээ бас надад алдаа байж. Хүчирхийлэл, дээрэм, тулаан үзүүлсэн “Татар ажиллагаа, Миний ах атаман” гэсэн хоёр киноны хөгжим бичжээ. Тэгэхээр энэ хоёр киног дахин олон нийтийн суваг мэдээллийн хэрэгслээр гаргахгүй байх, гаргасан тохиолдолд миний зохиосон хөгжмийг хасаж гаргахыг хүсэж байна.

Урлагийнхандаа ч уриалж байна.

Ийм төрлийн юм хийхээ больцгоое.

Хийсэн бол устгацгаая. Урлагийн хамгийн чухал зүйл соён гэгээрүүлэх гэдгийг алхам тутамдаа санаж, насанд хүрээгүй нялх хүүхдүүд үзэж байгаа, түүнээс үлгэр дууриалал авч байгаа гэдгийг бодоцгооё!" гэв.

 

Сэтгэгдэл үлдээх