Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас АИ-92 шатахууны аравдугаар сарын 24-ний байдлаарх нийлүүлэлтийн мэдээллийг танилцууллаа.
ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20000 тонн АИ-92 автобензин 10-р сард импортлохоор төлөвлөн ажиллаж байна. Үүнээс 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12800 тонн, БНХАУ-аас 12250 тонн, нийт 25050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.
Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж, хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 автобензиний ачилтыг хийж эхлээд байна. Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7700 тонн АИ-92 автобензиний ачилтыг хийнэ.
Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 автобензиний түгээлтийг шуурхай хийж байна.
Тухайлбал, 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд:
- НИК, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундарга Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймагт 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачиж түгээлт хийсэн.
- НИК, Сод монгол ХХК нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензины түгээлтийг хийж эхэлсэн.
Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж буй бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 автобензиний хангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна.
Монгол улсын АИ-92 автобензиний хоногийн дундаж хэрэглэгээ 1330 тонн, үүнээс Улаанбаатар хот-850 тонн, Хангайн болон Төвийн бүс-265 тонн, Баруун болон Зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг.
Сэтгэгдэл үлдээх