Улсын нийт гадаад өр 2021 онд 33.2 тэрбум ам.доллар болов. Энэ нь өмнөх оныхоос 1 (3.2 хувь) тэрбум ам.доллароор нэмэгдэж, өмнөх улирлынхаас 129.3 (0.4 хувь) сая ам.доллароор багассан байна.
Нийт гадаад өрийн 37 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь төв банкных, 5 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх аж.
Улсын нийт гадаад өр өмнөх оныхоос нэмэгдэхэд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 (7.6 хувь) сая, төв банкных 342.1 (15.4 хувь) сая, төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9 (1.2 хувь) сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Харин Засгийн газрын гадаад өр 167.6 (1.9 хувь) сая, бусад салбарынх 32.2 (0.4 хувь) сая ам.доллароор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Засгийн газрын нийт өр 2021 онд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 779.5 (2.8 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 35.2 (0.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.
Засгийн газрын дотоод өр өмнөх оныхоос 216 (19 хувь) тэрбум, гадаад өр 203.3 (0.8 хувь) тэрбум, өрийн баталгаа 183.9 (17.3 хувь) тэрбум, барих-шилжүүлэх төрлийн концесс 176.3 (20.7 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Засгийн газрын нийт өр өмнөх улирлынхаас багасахад дотоод өр 125.5 (12 хувь) тэрбум, өрийн баталгаа 30.1 (3.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.
Харин гадаад өр 78 (0.3 хувь) тэрбум, барих-шилжүүлэх төрлийн концесс 42.4 (6.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Засгийн газрын нийт өрийн 24.6 их наяд төгрөг буюу 90.9 хувь нь гадаад өр, 920.6 тэрбум төгрөг буюу 3.4 хувь нь дотоод өр, 876.5 тэрбум төгрөг буюу 3.2 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 673.9 тэрбум төгрөг буюу 2.5 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байв. Засгийн газрын нийт өрөөс 2021 онд үндсэн төлбөрт 1.3 их наяд, хүүгийн төлбөрт 958.1 тэрбум төгрөг төлжээ. Үндсэн төлбөрийн төлөлт 2021 онд өмнөх оныхоос 1.2 (47.1 хувь) их наяд төгрөгөөр багасаж, хүүгийн төлбөр 77.4 (8.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.