Монголын эдийн засгийн чуулган Их Монгол аялгууг 400 жилийн дараа эгшиглүүлснээр эхэллээ

"Монголын эдийн засгийн чуулган - 2022" Төрийн ордны их танхимд өнөөдөр "Их монгол" аялгууг 400 жилийн дараа анх удаа эгшиглүүлснээр  эхэллээ. 

Уг аялгууг "Чингис хаан" хаад язгууртны музейн дэргэд байгуулсан "Хаан" найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэлдэхүүнээрээ ирж толилуулав. Тус аягууг 400 жилийн өмнө Лигдэн хутагт хааны ордонд хамгийн сүүлд эгшиглүүлж байжээ.  Чуулганд оролцогчид энэхүү аялгууг 400 жилийн дараа сонссон анхны сонсогчид болж байна. 
Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” хоёр өдөр үргэлжлэх юм.  Чуулган “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулна. "Шинэ сэргэлтийн бодлого" нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

Ташрамд дурдахад,“Монголын эдийн засгийн форум-2022”-ыг угтаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тухайлбал, “Эрчим хүчний сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 21, 22-нд болсон. Улмаар өнгөрсөн сарын 24-нд "Аж үйлдвэржилтийн сэргэлт" сэдвээр УУХҮЯ, 25-нд "Хот хөдөөгийн сэргэлт" сэдвээр НЗДТГ болон холбогдох яамд, 28-нд "Боомтын сэргэлт" сэдвээр Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Харин хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 29-30-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулсан юм.