Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцов.
CNPC-ийн зүгээс Монгол Улсад есдүгээр сард 10,000 тонн автобензин, 4,000 тонн онгоцны түлш, 3,000 тонн дизель түлш нийлүүлэхээр болжээ.
Үүнээс гадна дотоодын шатахууны хэрэгцээ, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэлтээр 5,000 тонн АИ-92 автобензин, 20,000–30,000 тонн дизель түлш, 10 дугаар сард 10,000 тонн АИ-92 автобензин, 30,000–40,000 тонн дизель түлш нийлүүлэх хүсэлтийг CNPC-ийн талд хүргүүллээ. Тэдний зүгээс шуурхай судалж нааштай хариу өгөх талаар ажиллахаа илэрхийллээ.
Цаашид шатахууны нийлүүлэлтийг богино хугацааны худалдан авалтаар бус урт хугацаанд тогтвортой хангах гэрээ, баталгаат хэмжээ, ил тод шударга, ойлгомжтой үнийн томьёолол, төмөр замын ложистиктэй уялдсан тогтолцоонд шилжүүлэх чиглэлээр CNPC болон “PetroChina International”-тай хамтран ажиллаж ойрын үед бодит гэрээ хэлцэлд хүрнэ.
Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын ажиллагаа, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж болон нүүрс-химийн үйлдвэрлэлийн зэрэг чиглэлүүдээр тус бүрчлэн төлөвлөгөө гаргаж, судалгаа хийж хамтран ажиллахаар тохиролцжээ.
Сэтгэгдэл үлдээх