Хөдөлмөр хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгосныг хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардлаа

МҮЭХ 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгох шийдвэрийг улсын төсөвт бүрэн тусгаж, хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардлаа.
Тус холбооны Ерөнхийлөгч Э.Тамир "УИХ дахь намын бүлгүүд болон Улсын УИХ-ын гишүүдэд хандан 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсөв, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаарх хууль тогтоомжийн хэлэлцүүлгийг улс төрийн талцлаас ангид, цаг алдалгүй үргэлжлүүлэхийг шаардаж байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26.3 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөгөөс нэг сая төгрөг болгох шийдвэр гаргасан. Ингэснээр нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 5900 төгрөг болох юм.  
2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгохоор шийдсэн ч 2027 оны төсөвт 792 мянган төгрөгөөр тооцсон хэвээр байна. Энэ нь гурван талт Үндэсний хорооны хууль ёсны шийдвэрийг хэрэгжүүлээгүй, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн зарчмаас ухарсан үйлдэл юм. Иймд Засгийн газар уг шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, 2027 оны улсын төсөвт шаардагдах хөрөнгийг тусган баталгаажуулж, холбогдох өөрчлөлтийг нэн даруй хийх шаардлагатай гэв.

Сэтгэгдэл үлдээх