Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн улирлын эхний тоглолтууд үргэлжилж байна. Үүний зэрэгцээ талбайн гаднах “тоглолтууд” ч олны анхаарлыг татаад байгаа юм.
Тодруулбал, Монгол Улсын Гавьяат Тамирчин Т.Санчир шинэ улиралд “Омни Эрдэнэт Майнерс” багийн өмсгөлтэй гарахаа мэдэгдсэн ч дээд лигийн нээлтийн тоглолтод оролцоогүй нь сагсан бөмбөг сонирхогчдын гайхшралыг төрүүлэв. Улмаар хөгжөөн дэмжигчдийн “Т.Санчир яагаад тоглосонгүй вэ, тэр хаачив” гэсэн асуултын хариулт “Налайх Бизон” багтай байгуулсан хуучин гэрээ рүү шилжлээ.
Энэ талаар “Омни Эрдэнэт Майнерс” багийн дасгалжуулагч О.Баярцогт олон нийтэд өгсөн мэдээлэлдээ “Т.Санчир өмнөх багийн гэрээний асуудлаас болоод тоглоогүй. Энэ талаар би өөрөөс нь тодруулахад “Налайх Бизон” баг тохирсон дүнгийхээ эхний жил 50 хувийг, дараа жил 45-50 хувийг өгсөн хэмээн хариулсан. Ийм асуудал үүссэн тул тамирчны хувьд өөр багтай гэрээ хийгээд цааш явах гэхээр тус багаас “чөлөөлөх бичиг” өгөхгүй асуудал үүсээд байна. Түүгээр зогсохгүй тус баг Т.Санчираас “”Омни Эрдэнэт Майнерс” багаас 100 сая төгрөг авч өгөхийг шаардсан байгаа юм.” хэмээлээ.
Харин “Налайх Бизон” багийн зүгээс:
“МУГТ Г.Санчир нь манай Налайх Бизон багтай хууль ёсны, хүчин төгөлдөр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан одоог хүртэл багийн бүрэлдэхүүнд байгаа гэрээт тамирчин бөгөөд, гэрээнд заагдсан цалин хөлсийг цаг тухайд нь багийн зүгээс тогтмол олгож байгаа нь үнэн болно.” хэмээжээ.
Гэсэн хэдий ч тус багийн зүгээс ямар нэгэн дансны хуулга зэрэг нотлох баримт үзүүлээгүй юм. Үүнээс гадна цахим орчинд тус баг залуу гэрээт тамирчдынхаа цалинг тогтмол өгдөггүй гэсэн мэдээлэл ч түгээд байна. Энэ жилийн дээд лиг эхлэхээс өмнөх тоглогчдын гэрээний дүн, шилжих хөдөлгөөний талаарх сонирхолтой мэдэгдлүүд нь Монголын сагсан бөмбөгийн зах зээл тэлэн хөгжиж буйг харуулсныг мэргэжилтнүүд онцолж байв.
Харин “Налайх Бизон” баг болон МУГТ Т.Санчир нарын хооронд үүсээд буй асуудал нь багийн удирдлагууд гэрээнд заасан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх байдал сул буйн илрэл болж байна. Энэхүү асуудал хэрхэн шийдвэрлэгдэхээс Монголын сагсан бөмбөгт хариуцлага, тамирчдын эрхийг хамгаалах ёсны төлөвшил харагдах юм.
Сагсан бөмбөгийн хүрээлэлд “Т.Санчир талбайд эргэн ирэх үү?”, “Налайх Бизон хариуцлага хүлээх үү?” гэх асуултууд хөвөрч буй энэ үед, холбоо болон багууд гэрээний ил тод байдал, тамирчны эрхийг хамгаалах бодит алхам хийх цаг иржээ.
Сэтгэгдэл үлдээх