Н.Өнөрцэцэг: Цэргийн хэлэлцүүлгийг хийсэн нь намайг хорих маш том үндэслэл болсон

Энэ даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 01-нд монголын анхны видео сайтуудын нэг “zarig.mn” сайтын долоон жилийн ой болсон билээ.

Монголын нийгмийн томоохон асуудлуудыг хөндөж, ЖДҮ, Хөгжлийн банкны хулгайг сурвалжилж явсан “Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг одоо монголд танихгүй хүн бараг үгүй биз ээ. Хэлэлцүүлэг хийн дүрэлзэж, хоригдож хүртэл унтарч явсан түүний “Zarig.mn” гэх гэр бүлийг бүтээсэн өдрийн баяртай нь тохиолдуулан ярилцлаа.

-Танд болон танай хамт олонд долоон жилийн ойн мэнд хүргэе.

-Баярлалаа. Мөн үзэгч, уншигч, бидэнд итгэдэг монголын иргэд, олон нийт бий. Та бүхэндээ “Зариг.мн” сайтын долоон жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Бүхэл бүтэн редакцыг долоон жил авч явахад хамт олон маш том нөлөө үзүүлсэн байх. Хамт олондоо хандаж юу гэж хэлмээр байна?

-Хамт олноо бодохоор их хэцүү байдаг юм. Сүүлийн саруудад хамт олноо үнэхээр зовоочихлоо. Нэг нь ч ажлаасаа гараагүй, бүгдээрээ яг миний үр хүүхэд шиг байсан. Зарим нь гадуурхаад л “Эрхлэгч нь гэмт хэрэг хийсэн юм шиг. Асар их сэтгэл зүйн дарамтад манай хамт олон байсан. Би өөрөө ганцаараа зовсон гэхээс илүү хүмүүсийг зовоосондоо харамсаад байдаг. Тэр хүмүүс сайхан амьдрах ёстой. Эзэн ганцаараа сайхан амьдрах биш. Тийм хүсэл тэмүүллээр би хамт олноо хайрладаг. Хамт олондоо баярлалаа. Эрхлэгчийгээ уучлаарай. Бүгдээрээ ийм л хувь тавилантай байсан юм байлгүй. Мэдээж өнөөдөр бүгд гунигтай байгаа ч маргааш инээх өдөр ирнэ. Тэрэнд итгээрэй гэж хэлмээр байна.

-Таны хувьд сүүлийн хэдэн сар нэлээн хүнд өнгөрлөө. Сэтгэл зүйн хувьд одоо ямар байна вэ?

-Дүүгийнхээ төрсөн өдрөөр баригдаад явсан. Сүүлийн дөрвөн сар хүнд байдалтай байна. Яахаа мэдэхгүй заримдаа маш их гомдож, харуусаж, тэсэрмээр, дэлбэрмээр болтлоо бухимдаж байна. Зарим үед ухаарч байна. Миний сэтгэл зүй дэгэн догонтой л байна. Эрх чөлөө гэдэг ус агаар, ууж идэх гээд бүх зүйлийн нэгдүгээрт тавигддаг. Хүн эрх чөлөөгүй бол хэн ч биш. Юун дээр алдчихав аа гэхээр тийм гэмт хэрэг хийгээд, тийм хохирол учруулаад энэ дээр алджээ гэж бодохоос илүү орчин цагаа мэдрээгүй, ямар нийгэмд амьдраад байгаагаа, хууль хяналтын байгууллага ямар болсныг, улс төрчид ямар болсныг, сэтгүүл зүй ямар байран дээр байгаа, энэ бүгдийг тооцоолж чадаагүйдээ маш их харамссан. Чамайг хоригдоход чиний хажууд хэн ч байхгүй байгаа биз дээ гэж хүн надад хэлж байсан. Энэ бол худлаа үг. Намайг хоригдоход монголын ард түмэн бүгд миний ард талд байсан.

-Шалгалтын ажиллагааны үйл явц олны анхаарлыг ихэд татсан. Дансны шилжүүлэг бүрийг шалгаж байна гэж байсан. Үнэн үү?

-Үнэн. Н.Өнөрцэцэг гэж хэн бэ гэдгээс шалгалтын ажиллагаа эхэлсэн. Хүнээр бол бүх хувцсыг нь тайлж байгаад шалгалаа. Ноцтой гойд зүйл байхгүй гэдгийг би ээж аав, нутаг, уул ус гээд бүх нэр төрөөрөө андгайлж 200 хувь баталгаатай хэлж чадна. Би ямар нэг гэмт хэрэг хийсэн бол өнөөдөр ингэж суухгүй.

-Таныг нэг том даргынх нь ундуйцлыг хүргэчихлээ гэж олон хүн харж байсан л даа. Цэргийн хэлэлцүүлгийг хийсэн нь магадгүй таны хоригдох шалтгаан болов уу?

-Хоригдох шалтгаануудын маш том үндэслэл болсон. Цэргийн албанд хүний эрхийн зөрчил байгааг, ардын хүүхдүүдийн асуудлыг хөндсөн тэр хэлэлцүүлэг бол нийгмийг донсолгосон. Тэрний цохилт над дээр их томоор ирсэн. Миний хувь заяа, миний эрх чөлөө, миний бүх зүйлд том цохилт авч ирсэн ч гэсэн би тэр үед өөрөөрөө бахархсан. Одоо ч бахархал маань бол байгаа.

-Таныг хоригдохтой зэрэгцэн таныг өмөөрөх хүмүүс байсан ч шүүмжлэх хүмүүс ч бас байлаа. Тэдгээр хүмүүсийн үгсийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Магадгүй ёс зүйн хувьд дэгэн догон бий. Би үүнийг хаана ч хэлнэ. Арван хуруу тэгш хүн байдаггүй байх. Үүнийгээ би өмгөөлөхгүй. Заримдаа үнэхээр санаандгүй алдчихдаг. Заримдаа шатаад алдчихдаг. Заримдаа эр бяртай яваа юм болохоор хүн бүр “Өнөрөө чи мундаг шүү” гэж байгаа юм болохоор үүнд цадаж, шатаж алдаа гаргадаг гээд олон зүйл бий. Мэдээж ёс зүйн асуудлаа 100 хувь өөгүй өндөг шиг гэхгүй.

-Таны шатаж ажилладаг энэ зан магадгүй ихэнх сэтгүүлчдэд дутагддаг байх. Өдий зэрэгтэй яваа тань юуны гавьяа гэж та боддог вэ?

-Өдий зэрэгтэй явж байгаа нь миний ээж аавын л гавьяа гэж боддог. Ээж аав маань алт эрдэнэс өгч, хүний хүүхдүүдтэй адил сургалтын төлбөрийг маань бэлдэж өгөөгүй. 120 литрийн савтай айраг өгөөд л явуулдаг байсан шүү дээ. Хувцсаа бэлд гээд л. Тэгээд л би хот руу айргаа оруулж ирээд усны тэргэн дээр түрж “айраг аваарай” гээд л зардаг. Айргаа зарж дуусаад хувцсаа аваад явдаг. Жаахнаас нь эхлээд л бүх зүйл дээр биеийг нь даалгачихсан.

Ажлын гараан дээр гарч ирээд би ажлаа ч цэвэрлээд, хоёр талдаа аарц барьчихсан автобусанд явдаг байлаа. Ажлынхандаа нэг аяга аарцаа 2000 төгрөгөөр өгөөд л. Эсрэг талын ажлын газар луу орж 2000 төгрөгөөр өгөөд л. Бүх зүйлийг л өөрөө бүтээж ирсэн. Би сая бүх зүйлээ шалгуулсан гэсэн шүү дээ. Тэгэхдээ би өөрөөрөө бахархсан. Би бүр хувийн амьдрал байхгүй юм шиг амьдарсан байгаа юм. Ажил дээрээ үр дүнд хүрчихээр бяр нь амтагдана гэдэг шиг чадчихлаа гээд өөртөө урам өгөөд явж байдаг. Ялангуяа зовж зүдэрсэн хүүхдийн харц өөрчлөгдөх үед “Н.Өнөрцэцэг ээ, би чамаар бахархаж байна” гэж өөртөө хэлдэг. 

-Та долоон жил “Зариг.мн” сайтынхаа эрхлэгчээр, тэрнээс ч олон жил сэтгүүлчээрээ ажиллаа. Одоо бас томоохон асуудлын ард гарах гээд явж байна. Таны цаашдын бодол, зорилго хаашаа чиглэж байна вэ?

-Хүмүүс янз янзаар л хэлж байна. Улс төрийн намууд санал тавьж байна. Чи одоо нэр дэвш гэх мэтээр. Ойр тойрны хүмүүс “Одоо сэтгүүлчээр ажиллаад яах юм. Дахиад нэг даргын болохгүй, бүтэхгүйг илчлэхээр дахиад Хөгжлийн банкны асуудлыг хөндөхөөр 30 гишүүн чиний дайсан болно. Дахиад БЗС-гийн асуудлыг хөндөхөөр 40 гишүүн чиний дайсан болно. Одоо чи ажиллаад яах юм бэ” гэдэг. Унаган зан бол би маш хөдөлмөрч хүн. Юуг л бол юуг л, яаж л бол яаж л хийнэ. Зогсохгүй. Би үр хүүхдээ тэжээх тал дээр хэнээс илүү хөдөлмөрлөөд, хаана ч миний орон зай байгаа. Гэхдээ одоо амиа бодох уу, эсвэл энэ бүхнийг туулаад мэдэрсэн хүний хувьд, би нэг мөрөөдөлтэй байсан. Тэр бол өмгөөлөгч болох. Ер нь өмгөөлөгч бол миний хийх ёстой ажил юм байна гэж би бодсон. Тэр бодол маань ч байгаа. Янз янзын бодолтой байна даа.