Энэ өдөр буюу 1918 оны 12 сарын 11-нд Оросын алдарт зохиолч Александр Исаевич Солженицын мэндэлжээ. Амьд ахуй цагтаа зохиол бүтээлээрээ улс төрийн дээд түвшинд шууд нөлөөлсөн зохиолч цөөхөн. Александр Исаевич Солженицын бол гарцаагүй тэдний нэг гэгддэг.“Иван Денисовичийн нэг өдөр” зохиол нь Солженицыныг дэлхий дахинд алдаршуулаад зогсохгүй, судлаач шүүмжлэгчид болон түүхчдийн үзэж буйгаар зөвлөлт засаглалыг нуран унахад хамгийн ихээр нөлөөлсөн бүтээл ажээ.
Манайд энэхүү зохиол 1960-аад онд орчуулагдан хэвлэгдсэн гэх боловч эрээд олдохгүй эрдэнэ болсон гэдгийг нэрт нийтлэгч Ойдовын Содномпил бичжээ. Улмаар 2018 онд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Утга зохиол цувралын №22-т Монгол хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн билээ.
Нэгэн цагт Зөвлөлт Холбоот Улсын яруу алдарт улаан армийн нэр төртэй офицер, фашистуудын эрлэг, нэлээдгүй нэрд гарч явсан залуу зохиолч тэрбээр хоёр ч удаа байлдааны одон тэмдгээр шагнагдаж байсан ч 1945 оны 2 сард фронтоос найздаа бичсэн захидалдаа Сталины талаар шүүмжилсэн нь "коммунист" үзэл санааны үндсэн дээр НКВД буюу оросын тусгай цагдаагийнханд баривчлагдаж, 1945 оны 7 сарын 7-д НКВД-ын тусгай зөвлөлөөс түүнд “Дайсагнасан байгууллага байгуулсан” гэсэн үндэслэлээр ЗХУ-ын Эрүүгийн хуулийн 58-р зүйлээр ял оноож хөдөлмөрийн лагерь буюу ГУЛАГ /Главное управление исправительно трудовых лагерей и колоний"/ -т 8 жил хорьжээ.
Улс төрийн хоригдол буюу 58 дугаар зүйл ангиар шийтгэгдсэн хүмүүс гэм буруугүй сүсэгтнүүд, нударган хэмээн нэрлэгдсэн арчаатай аж ахуйч тариачид, дархан, мужаан, коммунист дэглэмийг таашаан хүлээж аваагүй Балтын орнуудын иргэд, украинчууд, бас бус бага ястанууд, дэлхийн хоёрдугаар дайны дараа германы хорих лагерьт хоригдож байсан олзлогдогсод, Власовчууд, германы эсрэг улаан армитай мөр зэрэгцэн тэмцэж асан оросын цагаачид, тэр бүү хэл Европыг чөлөөлөхөд оролцсон зөвлөлтийн цэргүүдээс (яагаад гэвэл тэд баруун европ ямар байдгийг үзсэн учраас) бүрдэж байжээ. Түүнчлэн малгай хүрмээ өлгөх газар олдоогүйгээс Лениний цээж барималд "өмсүүлсэн" мужаан, хөөцөлдөж тоглож байгаад улс төрийн сэдэвтэй зурагт хуудас нураасан 12 настай хүүхэд, хамтралын хадлангаас өөрийн үнээндээ чимх өвс авсан тариачин, өлссөндөө тариан талбайгаас буудайн толгой атгаж хармаалсан хүүхдүүд гээд санаанд багтамгүй хачин хэргээр ял сонссон хүмүүс байжээ.
Бурхан минь энэ явдлыг чухам яаж тайлбарлах вэ? Би хаана амьдарч байна аа. Энэ зүүд үү, эсвэл азгүйтэл үү?... Үгүй ээ аль нь ч биш. Энэ бол бодит амьдрал. Гэхдээ доромжлолоор дүүрэн бодит амьдрал. Орос орон одоо зөвхөн доромжлол болжээ. Орос хүнд амьд явах эрх алга. Тэгж бид үнэхээр чадахгүй нь ээ. Шударга ёс, сайхан сэтгэл, үнэнч зан чанар хаана байна. Хараал ид... ёстой хараал ид... Харж байна уу намайг. Би офицер хүн, түүгээр ч зогсохгүй зохиолч хүн. Гэтэл одоо энэ. Намайг сайн хар. Үзэн ядмаар гэмт хэрэгтний алаг эрээн хувцас өмсчихсөн, код щ-262... Надад одоо нэр байхгүй. Тэгэх ч шаардлагагүй. Зүгээр л ялтны энэ чөтгөрийн код байхад бол оо. Яагаад гээч?
Яагаад гэвэл би гайхамшигт Гоголийн амьгүй албатуудын нэг болчихлоо. Зөвлөлт засаг, сахал Сталин намайг ийм болгочихлоо. Тэр жинхэнэ оросуудыг ингэж гутаан доромжилж, тамлан тарчлаах ямар эрхтэй юм бэ. Тэр бол зүгээр л нэг муу уулын Гүрж шүү дээ. Ямар ч боловсролгүй, сэтгэл зүрхгүй түүнийг би хэзээ ч, хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Бурхан минь, бурхан минь жинхэнэ сайхан сэтгэлт орос хүмүүс зовлон, шаналангийн туулийг үзэж амсаж байна. Өдгөө би ч бас тэдний нэг болчихлоо. Эхнэр хүүхдүүд минь баяртай, үүрд баяртай. Энэ халуун тамаас би амьд мэнд гарна гэдэгт бүрэн итгэж чадахгүй байна. Ядаж надад цаасны булан, харандааны хугархай ч алга. Зөвлөлт засгийн эсрэг тэрс үзэлтэнд угаасаа тийм зүйл хэрэггүй биз дээ. Гэхдээ хуурамч амьтад аа, би та нарыг заавал ялан дийлэх болно.
Ирээдүй намайг үнэлж хайрлах болно. Надаас уучлалт гуйх болно. Анд минь, чи бид хоёр уг нь үхэл дундуур, дайны талбар дундуур хамт алхсан. Гэтэл чи минь ийм өөдгүй амьтан байсан гэж үү. Би чамайг үзэн ядаж байна. Чи мэднэ. Би хэзээ ч, хэнийг ч, хэрхэвч ингэж үзэн ядаж байгаагүйг чи мэднэ. Бүр немцүүдийг хүртэл шүү... Гэхдээ би одоо чамайг яг тэгж үзэн ядаж байна... чөтгөр ав...
Тэрээр КГБ буюу нийгмийг аюулаас хамгаалахын эрхэм комиссаруудад эрхэм нөхрийгөө худалдчихсан найздаа зориулж энэхүү захидлыг дайн дуусахаас хэдхэн сарын өмнө буюу 1945 оны хоёрдугаар сард бичсэн юм.
Ялын хугацаа 1953 оны 3 сард дууссан хэдий ч түүнийг Казахстан руу тодорхойгүй хугацаагаар (бүх насаар нь) цөлсөн байна. Гэвч Сталиныг нас барсны /1953 онд нас барсан/ дараа НКВД-ын үйл ажиллагаа аажимдаа суларч, улмаар 3 жилийн дараа 1956 онд цөллөгөөс суллагджээ.
Шоронгоос гарсныхаа дараа 1962 онд зөвлөлтийн шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Никита Хрущев “Сталиныг тахин шүтэх үзэлд хариу цохилт өгөх” улс төрийн зорилгын үүднээс Солженицыны "Иван Денисовичийн амьдралын нэг өдөр" гэдэг алдарт зохиолыг нь хэвлэхийг зөвшөөрчээ. Уг зохиолд зөвлөлт засаг туулиас ядуу тарчгийн дээр, зөвлөлтийн шоронгийн систем, энэ бол хүний нийгмээс тэс ондоо газар, өлсгөлөн, ядуурал, тэнд хоригдож байгаа хүмүүсийн талаар, хорих лагерьт болж байгаа үйл явдлын үнэн төрх хийгээд тэрхүү мартагдсан хэний ч төсөөлөөгүй тэр газар чухам юу болдог, хүн яаж хүн биш болдгийг өөрийнхөө хувийн амьдрал дээр тулгуурлан Иван Денисович хэмээх ГУЛАГ-ийн тоосго өрөгч нэгэн хоригдлын амьдралын энгийн нэгэн өдрийн тухай утга зохиолын маш өндөр түвшинд бичсэн юм.
- Сложеницыны дүгнэснээр Сталин харгис хэрцгийллээрээ тэргүүлэх хүн, Гитлер бол түүнтэй харьцуулахад түүний шавь төдий юм. Дэлхийн хоёрдугаар дайнд ЗXУ 20 сая хүн алдсан гэдэг бол Сталины цэвэрлэгээ 15 сая хүн хөнөөсөн гэжээ.
Дахиад л хүйтэн жавар исгэрч эхлэв. КГВ-ийнхэн тандах ажлаа үргэлжлүүлсээр 1965 онд түүний зарим нэг зохиолын гар бичвэрүүдийг хураан авч улмаар Солженицыны эхнэр нь ажлаасаа халагджээ. Солженицын балмад этгээдүүдийн энэ үйлдлээс анхандаа айж байсан ч нэгэнт хамаг зүйлээ алдсан хүмүүсийн тоонд аль хэдийнээ орсон тул зоригтойгоор бичиж эхэлснээр дараагийн тэсрэлтээ хийж чадсан байна.
“ГУЛАГ ОЛТРИГ” (орос. Архипелаг ГУЛАГ) бол хүний зовлонгийн хүрч болох хязгаарыг эвдэж гарсан, Зөвлөлтийн шоронгийн системийн тухай маш дэлгэрэнгүй, хувь хүмүүсийн бодит амьдрал, бодит үйл явдлууд, судалгаан дээр үндэслэн бичсэн гурван боть ном юм. Уг бүтээлээ өөрийн туулж өнгөрүүлсэн, биеэр мэдэрсэн, харсан түүх, түүнтэй хамт хоригдсон хүмүүсийн ярьсан, ам дамжсан сонссон зүйлс, 227 хүний гэрчийн мэдүүлэг, захидал, албан ёсны зарим тоо баримтууд, хэвлэгдсэн ном зохиол, сонин сэтгүүлийн материалуудыг ашигласан нь түүхийн ном гэж хараахан үзэж болохгүй ч "үгчилсэн зохиолын мөрдөн шинжлэх туршилт" (an experiment in literary investigation) хэмээн тодорхойлогддог байна. Хэдийгээр Солженицын энэ номоо эхлээд Орост хэвлүүлэхийг хүсч байсан гэдэг ч нөхцөл боломж олдохгүй, харин ч эх орондоо хэвлэх гэж оролдох юм бол түүнийг эртний анд “бөөнөөр хорих лагерь” нь эргээд угтаж авахад хэзээд бэлэн байв. Тиймээс 1968 онд хальсанд хувилан Герман руу нууцаар хил давуулан, тэнд анх хэвлэгдсэн гэдэг. Хэвлэгдсэний дараа маш том дуулиан дэгдэж, эл бүтээл хэвлэгдээд дэлгүүрт очмогц л дорхноо дуусаж, дахин дахин хэвлэгдсээр байв. Гэсэн хэдий ч 1991 оныг хүртэл түүний зохиол бүтээлүүд орос хэлээр хэвлэгдээгүй. бичгийн машинаар цохисон гар бичмэл Зөвлөлтийн уншигчдын дунд 1974 оны өвлөөс эхлэн нууцаар тархаж эхэлжээ. Уг гар бичмэлийг өдөр шөнөгүй, нойр хоолгүй, шөнө нь бүдэг гэрэлд бүтэн 24 цаг уншаад, маргааш нь дараагийн хүнд дамжуулж өгдөг байжээ. Тиймээс хүмүүс хэнээс уг гар бичмэлийг авсан, дараа нь хэнд өгснөө олон жил өнгөрсөн ч марталгүй санаж байсан гэдэг.
Тэрээр 1969 онд Зөвлөлтийн зохиолчдын эвлэлээс хөөгдөж, 1974 онд зөвлөлтийн иргэншлээс хасагдан, баруун руу хөөгдөж, эхлээд Германд, дараа нь Швейцарт амьдарч байгаад Стэнфордын их сургуулийн урилгаар АНУ-д аж төрж байсан бөгөөд 1990 онд түүний Зөвлөлтийн иргэншлийг сэргээн, Орос орон суут зохиолчоо эргэж ирэхийг хичээнгүйлэн хүссэнээр 1994 оноос 2008 он хүртэл эх орондоо намуухан аж төрж, бичиж, бүтээж байгаад 2008 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Москва орчимд таалал төгсжээ.
Хатуу харгис гяндан, хадаасан дээгүүр хөл нүцгэн алхсан энэ алдарт хүн 1970 онд утга зохиолын дээд Нобелийн шагнал, 1978 онд Харвардын их сургуулийн утга зохиолын хүндэт докторын зэрэг хүртэж хожмоо Оросын дунд сургуулиудад заавал унших ёстой зохиолчдын нэг болсон юм.
Эх сурвалж:
mn.wikipedia.org
Сэтгэгдэл үлдээх