Шар тос нь А, Е аминдэм, антиоксидантаар маш баялаг. Зүрх судас, дархлалын системд сайнаар нөлөөлдөг байна. Мөн арьсны нөхөн төлжилтийг хурдасгадаг гээд олон төрлийн ашигтай учир эртнээс Монголчууд шар тосыг "шижир алт" хэмээн эмчилгээ болон өдөр тутамд хэрэглэсээр иржээ.
- Шар тосон дахь линолений хүчил нь бодисын солилцоог сайжруулж жин барих үйлчилгээтэйгээс гадна гэдэсний өөхийг шатаахад нэмэртэй байдаг.
- Шар тос нь бусад тосноос илүү өндөр 160-190°С хэмд хүртэл тэсвэрлэх чадвартай байдаг учир хоол хийхэд тохиромжтой. Шар тосонд хайрсан хуушуур нь ядаргаа тайлж, хий хөөдөг гэж ахмадууд зөвлөдөг.
- Шар тос нь бусад тосыг бодвол илүү өтгөн, сайн шүүгдсэн байдаг. Хоолонд таатай амт оруулдаг.
- Хадгалалтын хугацаа урт. Исэлдлийн түвшин багатай учир хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог.
- Шингэц хурдан. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.
- Холестринийг бууруулна. Шар тосонд агуулагддаг холбосон линолений хүчил нь биен дэх холесриний түвшин болон триглицеридийн түвшинг багасгадаг.
- Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон байна.
- Хор тайлах, биеийн эсэргүүцэл сайжруулах, эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй.
- Шар тосон нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг.
10 грамм шар тос хүүхдийн нэг өдөрт шаардлагатай витамин A-гийн 15 хувийг хангадаг гэж үздэг. Шар тосыг хоол хүнсэнд хэрэглэхээс гадна бариа засал, эмтэй хамт хэрэглэх зэрэг олон янзаар ашиглахад хурдан шингэж элдэв үнэр багатайгаар давуу талтай. Эмэгтэйчүүдийн савны хий, бөөр нурууны хий, үе гишүүний шар ус, голын хий, толгойн хий, олгойн хийг шар тостой бариа хийж эмчилдэг байна.
Олон жил хадгалсан шар тосыг үхэр илд зэрэг арьс махны өвчин, яр шарханд түрхэхээс гадна нялх хүүхдийн зулай дээр түрхэх нь хаг унах, хамар битүүрэн бөглөрөхөд тустай гэж настангууд зөвлөдөг. Мөн шар тосыг нялх хүүхдэд уулгаж эхийн хэвлийгээс дагасан хорыг гадагшлуулдаг байна. Хамар ярших, уруул омголтох, түлэнхий шарханд түрхэж хэрэглэдэг.
Шар тосонд өөх, уураг, витамин, эрдэс их хэмжээгээр агуулагддаг учир хэмжээтэй, тодорхой зохицолтой хэрэглэхгүй бол цус өөхлөх, элэг өөхлөх, жин нэмэгдэх зэрэг ашиггүй талуудыг ч мөн тооцох хэрэгтэйг анхаараарай.