Найруулагч М.Батболд “Альфа” пост драмын театр байгуулжээ. Тэрбээр энэ талаараа “Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийнхтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан боловсрол олгох зорилгоор мэргэжлийн баг, хамт олон уг театрыг байгууллаа” гэсэн байна. Мөн театраа И.В.Гётегийн “Фауст” жүжгээр нээхээр болжээ.
ОХУ-ийн ГИТИС-ийг дүүргэсэн найруулагч, Ардын жүжигчин Мягмарнарангийн хүү Батболд “Фауст” жүжгийг 2018 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн.
Ташрамд дуулгахад, Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг. Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт эл жүжиг ирэх есдүгээр сарын 11-14-нд “Корпорэйт” зочид буудлын тоглолтын танхимд тоглогдох бөгөөд “Фауст” жүжгийн гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү нараас гадна залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Т.Анхзул, Б.Хатанбаатар нар тоглоно.
Сэтгэгдэл үлдээх