Хотын сурагчдын онооны дундаж хөдөөгийнхөөс эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 хувиар илүү байна

Бүх нийтийн боловролын үйлчилгээг шударга ёсны үүднээс хэлэлцүүлэх нь

 

Бүх нийтийн боловсрол залуу үеийнхэнд эцэг эхийн байр сууриа ахиулах боломжийг олгосноор нийтийн сайн сайхан байдлыг тогтооход чухал үүрэгтэй институт юм. Энэхүү үүргийн хэрэгжилтэд нэгдүгээрт боловсрол эзэмшихийг хүсэж байгаа хүн бүрт боловсрол нээлттэй, хүртээмжтэй байдал онцгой ач холбогдолтой.

Хоёрдугаарт, тухайн нийгэмдээ чухал, үнэ цэнтэй гэгдэх шинжлэх ухааны болоод бусад шаардлагатай агуулгыг хүүхэд бүрт чанартай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, нэг сургууль, нэг ангид нийгмийн анги, шашин шүтлэг, хэлний ялгаатай хүүхдүүд хамтдаа суралцдаг, хүлээн зөвшөөрдөг орчин бүрдсэн нөхцөлд хүн бүрт нийгмийн гарлаа өөрчлөх шударга боломж олгодог.

Бүх нийтийн боловсролд шударга ёсны хоёр асуудал хөндөгдөж байна. Асуудлаасаа хамаараад шударга ёсны ойлголтыг ялгаатай хэрэглэдэг. Эхнийх нь нийтийн хөрөнгийг боловсролын үйлчилгээнд хэрхэн хуваарилах тухай асуудал. Бүх хүүхдэд тэгш хуваарилж байгаа бол шударга гэж үзэж болно. Гэхдээ хэрэгцээний ялгааг харгалзаж үзэлгүйгээр тэгш хуваарилбал үр дүн нь адил бус байна. Адил боломжийг бүрдүүлэхийн тулд заавал ялгааг харгалзах ёстой. Иймээс шударга хуваарилалт гэдгийг адил байгаад нь тэгш, ялгаатайд ялгаатай хандаж тэгш боломж бүхий үр дүнд хүрч байгааг гэж ойлгож болно.

ЕБС болон орон нутгийн нэгж дэх сургуульд хамрагдсан хийгээд гадна байгаа хүүхдийн мэдээллүүд зөрүүтэй, зарим мэдээлэл байхгүй, мэдээллийн шинэчлэл муу.

Хоёрдугаарт нийтийн хөрөнгөөр нийтийн асуудлыг шийдвэрлэх шийдвэрийг гаргах үйл явц шударга байх ёстой. Хэрэв ашиг сонирхлын ялгаатай тал (төр, эцэг эх, багш, ИНБ, хувийн хэвшил г.м)-уудыг оролцуулан, олон талт мэдээллийг цуглуулан шинжилсний дүнд шийдвэр гарвал шударга ёсонд илүү дөхнө. Энэ утгаараа боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын өөрчлөлтийн шийдвэрийг гаргахдаа олон талт мэдээллийг цуглуулж, ашиг сонирхлын хувьд ялгаатай талуудын оролцоог хангаж байгаа бол шударгаар асуудалд хандаж байна гэсэн үг.

Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хуулиар хүн бүрт үнэ төлбөргүйгээр бүрэн дунд боловсрол эзэмших, ялгаварлан гадуурхалтаас ангид, эх хэлээрээ сурч боловсрох эрхийг хуульчлан олгож, боловсрол эзэмших “тэгш боломж”-ийг бүрдүүлэхэд анхаарсан. Түүнчлэн, боловсролын үйлчилгээг суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байхыг хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор алслагдмал нутагт оршин суугч хүүхэд, хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамаарсан тусгай хэрэгцээг харгалзсан ялгаатай хуваарилалт бүхий санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Нутагшилтын болон хөгжлийн онцлогоос хамаарч боловсрол эзэмших адил бус нөхцөлд байгааг зайлшгүй харгалзан боловсролын үр шимээс тэдгээр хүүхдүүд адил тэгш хүртэх боломжийг бүрдүүлэхээр илүү өндөр төсөв  зарцуулах нь шударга ёсонд нийцнэ.

Лаборитори болон Кембрижийн хөтөлбөр бүхий сургуулиуд бас нийтийн хөрөнгөнөөс ялгаатайгаар санхүүжиж байна. Энэ нь зайлшгүй харгалзвал зохих хэрэгцээний ялгаа мөн үү? Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд 6, 10 дугаар ангид суралцагчдаа элсэлтийн шалгалтаар элсүүлдэг. Элсэлтийн шалгалтад өрсөлдөж тэнцсэн цөөн хүүхдийн (илүү авьяаслаг) төлөө илүү өндөр зардлыг төр гаргаж байна. Мэдээллээр хангах, хичээл, сургалтад нь дэмжлэг үзүүлэх, нэмэлт давтлага, дамжаа (1.5 саяас төгрөгөөс дээш зардалтай)-нд хамрагдах боломж нь эцэг эхийн нийгмийн байдлаас ихээхэн хамааралтай.

Энэ тохиолдолд тэдний хэрэгцээ нэн тэргүүнд харгалзвал зохих хэрэгцээ мөн үү? Аль эсвэл өмнөх туршлагад тулгуурлан өөрөөр шийдэх боломж бий юу?

Энэ асуултад хариулахаас өмнө боловсролд зарцуулж буй нөөцөөрөө бид бүх хүүхдээ сургуульд хамруулж чадаж байгаа юу гэсэн асуултад эхлээд анхааръя. Судалгаагаар хамран сургах тойргийн бүх сурагчдыг сургуульд бүрэн хамруулж чадаж байгаа эсэхэд талууд эргэлзэж байгаа бөгөөд хүүхэд бүрийг бүртгэлжүүлэлт, мэдээллийн тогтолцоог сайжруулах хэрэгцээ буйг илрүүлээд байна. Тодруулбал:

  1. ЕБС болон орон нутгийн нэгж дэх сургуульд хамрагдсан хийгээд гадна байгаа хүүхдийн мэдээллүүд зөрүүтэй, зарим мэдээлэл байхгүй, мэдээллийн шинэчлэл муу.
  2. Насан туршийн боловсролын төв нь сургуулийн гадна буй хүүхдүүдийг тоолохоор зорьж ажилласан ч дүйцүүлэх хөтөлбөрт хамрагдсан хүүхдээр хязгаарласан.
  3. Хамран сургалтын үзүүлэлтүүд тухайн хамран сургах тойрогт бүртгэлтэй өрхийн хүүхдээр хязгаарлагддаг тул бодит байдал дахь дүн статистик мэдээлэл дэх дүн зөрүүтэй.
  4. Шилжсэн, түр оршин сууж байгаа, түрээсийн байранд сууж буй өрхийн хүүхэд мэдээллийн тогтолцооны гадна үлдэх өндөр магадалтай.

Ийнхүү өнөөдөр бид боловсролын үйлчилгээ авч чадахгүй, гадна үлдэж байгаа хүүхдээ бүрэн дүүрэн тоолж, бүртгэлжүүлж чадахгүй хэвээр байна. Сургуулийн гадна буй хүүхдүүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй (цэцэрлэг, бага ангид 40%, дунд ангид 14%, БСШУСЯ, 2017), амьжиргааны түвшин доогуур өрхийн, алслагдмал нутгийн малчдын, ажил хөдөлмөр эрхэлж буй гэх мэт хүүхдүүд зонхилж байна. Мөн амьжиргааны түвшин доогуур болон бичиг баримтгүй өрхийн, ажил эрхэлдэг, өвдсөн зэрэг шалтгааны улмаас сургуульд сурч байгаад сургуулиас завсардаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр боловсрол эзэмших боломжийг хэр  бүрдүүлсэн бэ?

  • Материаллаг орчин тэр дундаа сургуулийн дотоод орчин бүрдээгүй. Судлагдсан сургуулиудаас Монгол Улсын сургуулийн барилгын стандарт, норм нормативт тусгагдсан шалгуураар үнэлэхэд зөвхөн нэг сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд (БХБ)-ийн ариун цэврийн өрөөг бий болгон тусгайлан тохижуулснаас бусад бүх тохиолдолд шаардлагыг биелүүлж чадаагүй байв.
  • ХБХ-ийн онцлог хэрэгцээг харгалзсан сурах бичиг, хэрэглэгдэхүүний хангамж сул байна. Тэдэнд зориулан 16 сурах бичиг, багшийн ном 1-ийг хэвлэсэн байгаа нь хангалтгүй юм.
  • ХБХ-тэй ажиллах багш нараа хангалттай бэлтгээгүй, багш нарын чадамж сул байна. Мөн ХБХ-тэй ажиллаж буй багшид урамшуулал олгохгүй хэвээр байна.
  • Ерөнхий боловсролын тусгай сургууль, ХБХ-тэй ажиллах нарийн мэргэжлийн багш, зөвлөхтэй хамтран ажиллах таатай нөхцөл бүрдээгүй байна.
  • Зориулалтын тээврийн хэрэгсэл, дэд бүтэц хөгжөөгүй.
  • Сургууль, орон нутгийн санаачилга сул.
  • Эцэг эх, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлага байна.

Сургуулиасаа хол амьдардаг өрхийн хүүхэд сургуульд хамрагдах таатай нөхцөл хэр бүрдсэн бэ?

Алслагдмал нутагт оршин суугаа хүүхдэд чанартай боловсрол эзэмшихтэй холбоотой дараах хүндрэл бэрхшээлүүд тохиолдож байна.

  • Сурагчдын тооноос хамаарсан санхүүжилтийн тогтолцоо нь цөөхөн сурагчидтай тохиолдолд боловсролын үйлчилгээг чанартай хүргэх боломжийг хязгаарлаж байна.
  • Сурах бичгийн хангамж, сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг.
  • Сумдад дотуур байр, сургуулийн нөхцөл муу.
  • Хүндрэл бэрхшээлийг багш нарын зүгээс ойлгож, дэмжих хандлага сул байна.
  • Бага насны хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байна.

Боловсролын чанарт холбогдох дараах ялгаа судалгаагаар нотлогдоод байна. Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн математик, унших чадварын түвшин хамрагдсан хүүхдийнхээс доогуур, гэртээ амьдардаг хүүхдүүдийн сурлагын амжилт дотуур байр эсвэл айлд амьдардаг хүүхдүүдийнхээс дээгүүр байна. Түүнчлэн, нийтийн тээврийн хэрэгсэл, сургуулийн автобус явдаггүйн улмаас Улаанбаатар хот, аймгийн төвийн холоос зорчдог хүүхэд хичээлээ таслах, хоцрох нь олон.

Боловсролын үйлчилгээ авч чадахгүй, гадна үлдэж байгаа хүүхдээ бүрэн дүүрэн тоолж, бүртгэлжүүлж чадахгүй хэвээр байна.

Сурлагын амжилтыг хот, хөдөө, хүйсээр задлан шинжлэхэд хотын сурагчдын гүйцэтгэлийн онооны дундаж хувь хөдөөгийн сурагчдаас эрэгтэй, эмэгтэй тус бүрдээ 10 хувиар илүү байна. Хамгийн өндөр гүйцэтгэлтэй нь хотын төвийн сурагчид, хамгийн бага нь багийн сургуулийн сурагчид аж.

Хотын төвийн сургуулиуд ч өөрийн онцлог бэрхшээлтэйгээр ажиллаж байна.  Хотын төвийн сургуулиуд болох 23, Нэгдүгээр сургуулиуд анги дүүргэлтээр хамгийн өндөр байна. Судалгаагаар нэг ширээнд гурвуулаа суудаг хүүхдийн математик, унших чадварын гүйцэтгэлийн дундаж түвшин бусад тохиолдлуудаас доогуур, 2-3 ээлжээр хичээллэдэг тул хичээлээс гадуурх үйл ажиллагаа, хөгжүүлэх дугуйлан, секцэд хамрагдах боломж сул байна. Хүн амын нягтрал өндөр, сургуулийг өргөтгөн барих газрын боломж хязгаарлагдмал аж.

Амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдэд боловсрол эзэмших таатай нөхцөл бүрдсэн үү?

Амьжиргааны баталгаажих түвшнээс дээгүүр болон баталгаажих түвшинд байгаа, даардаггүй, гэртээ номтой хүүхдийн гүйцэтгэл амьжиргааны түвшин доогуур, даардаг, номгүй өрхийн хүүхдээс өндөр байна. Түүнчлэн,  Боловсролын үнэлгээний төвийн тайлангаас харахад математикийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн, өөрийн амьжиргааны түвшнээ муу гэж үнэлсэн хүүхдүүдийн хэмжээст онооны дундаж 493.44 байхад, маш сайн гэж үнэлэгсдийн оноо 535.61 байна.

Төлбөртэй давтлага, дамжаанд хамрагдсан хүүхдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж хамрагдаагүй хүүхдийнхээс өндөр байна. Ядуурлын судалгаагаар (2016) ядуу бус хүн ам 18406 (нийт хэрэглээний 6.3%) төгрөг, ядуу хүн ам 3974 (нийт хэрэглээний 3.6 %) төгрөгийг боловсролд дунджаар зарцуулж байгаа ба ядуу бус хүн ам бараг 5 дахин их хэмжээний төгрөгийг боловсролд зарцуулж байна.

Мөн амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд сургуулийн зардлыг дааж чадахгүй, хоол хүнсний дутмаг нөхцөлд амьдарч, үе тэнгийнхэн болон багш нарын үл хайхралт, ялгаварлан гадуурхагдаж буй мэдрэмж зэрэг нь чанартай боловсрол эзэмшихэд хүндрэл учруулж байна.

Төлбөртэй давтлага, дамжаанд хамрагдсан хүүхдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж хамрагдаагүй хүүхдийнхээс өндөр байна.

Ийнхүү амьжиргааны түвшний ялгаанаас үүдэлтэй сургуулийн гадна үлдэх, завсардах, боловсролын чанарын зөрүүтэй байдлыг бууруулахад одоо хэрэгжүүлж буй арга хэмжээ тэдгээр хүүхдэд үзүүлэх эцэг эхийн байр суурийн нөлөөг дорвитой бууруулах хэмжээнд хүрэхгүй байгааг судалгаанууд нотолж байна. Мөн хэд, хэдэн шинж (хөгжлийн бэрхшээл, сургуулиас хол оршин суудаг, ядуу г.м) давхацсанаар хүүхдийн сургуульд хамрагдах хийгээд чанартай боловсрол эзэмших боломжийг улам бүдэгрүүлж байна.

Бүх нийтийн боловсролд зарцуулж буй төсвийн зарцуулалт хангалттай юу?

  • Сургуулийн гадна байгаа хүүхдийн бүртгэлжүүлэлт, мэдээллийн тогтолцоог сайжруулах ажлын санхүүжилт, менежментийг сайжруулах шаардлагатай.
  • Хүүхэд бүрийг оршин суугаа нутаг дэвсгэртээ боловсролын үйлчилгээг чанартай авах (хүүхдийн тооноос үл хамааран), сургуульдаа хүрч очих таатай нөхцөлийг бүрдүүлэх санхүүжилтийг боловсронгуй болгох нь зүйтэй.
  • ХБХ-ийг сургуульд бүрэн хамруулах дэд бүтцийг хөгжүүлэх, багшийг бэлтгэх, урамшуулах зардлыг гаргах шаардлагатай.
  • Монгол улсын Халамжийн хуульд заасан дэмжлэгийг тусламж дэмжлэг шаардлагатай иргэн, өрхийн хүүхдэд хүргэх санхүүжилтийг шийдэх хэрэгтэй.
  • Хичээл сургалт, сургуулийн дараах зардлууд хангалттай санхүүжилттэй юу?
    • Хичээл практикийн гэгдэх зардал сургуулийн төрлөөс хамаараад ялгаатай бөгөөд хангалттай бус.
    • Засвар үйлчилгээ, анги танхимын тохижилтын зардлын санхүүжилт бага.
    • Компьютер хэт хуучирсан, лабориторийн тоног төхөөрөмж, урсгал зардал дутмаг,
    • Номын сангийн хангамж, баяжуулалт дутмаг
    • Багшийн ур чадварын нэмэгдлийг хэт ерөнхий олгохоор тогтсон. Хэмжээ бага, бүлгээр болон ганцаарчлан зөвлөн туслах, дугуйлан, хичээллүүлэх (авьяас, ном г.м хөтөлбөр), хүүхдийг оношлох, судлах, чанарын үнэлгээний даалгаврууд боловсруулах, хичээлийн судалгаа хийх, багшийг ажлын байран дээр сургах, дагуулах, нийгмийн асуудлыг шийдэх, дэмжлэг үзүүлэх, чадварлаг багшийг урьж ажиллуулах, нөхцөлөөр хангах гэх мэт үйл ажиллагаанд хамаарах зардлууд тодорхойгүй байна.

Ийм нөхцөлд нийтийн хөрөнгөнөөс Кембрижийн хөтөлбөрийг нэмэлт өртөгтэй санхүүжүүлэх үү эсвэл нийтийн хөрөнгөөр бүх нийтийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах уу гэсэн маргааны хариулт дэндүү ойлгомжтой юм.

Технологийн дэвшлийн асар хурдацтай энэ цаг үед улс орнуудын хооронд  технологи, инновац бүтээж чадаж байгаа эсэхээсээ хамаарсан тэгш бус байдал улам бүр гүнзгийрч, хөгжиж буй орнуудын хөгжингүй орноос хамааралт байдал буурах биш өсөх хандлага ажиглагдаж байна. Шинэ зүйлийг хурдан хүлээн авч, бүтээж байгаа орнуудын хөгжлийн үзүүлэлтүүд хурдацтай ахиж байна. Иймд улс орнуудын технологийн дэвшлийн ялгаа эрс ихсэж буй өнөө цагт боловсролын салбарт үндэсний хөтөлбөрөө чанаржуулах хүрээнд олон төрлийн хөтөлбөрийг судлах, турших, нэвтрүүлэх хэрэгцээ бий болж байгааг үгүйсгэхгүй ээ. Иймд энэ цагт дэлхий дахины шинжлэх ухаан, технологийн боловсролын агуулга, сургалтын арга зүйн туршлагаас татгалзах аргагүй.

Олон улсын хэмжээнд гадаад хэлний чадамжийн эрэлт улам бүр өсөж байгаа бөгөөд бүх нийтийн гадаад хэлийг сайжруулахад бас анхаарах ёстой. Гэхдээ нийтийн хөрөнгийг үнэмлэхүй цөөнхийн чанартай боловсролын төлөө Кембрижийн хөтөлбөрт тэгш бусаар хуваарилах нь хүртээмжтэй, тэгш боломжийг олгох гэсэн бүх нийтийн боловсролын үндсэн зарчмынхаа эсрэг үйл хэрэг гэдгийг мэддэг байх ёстой.

Сэтгэгдэл үлдээх