Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн шүүгч бус гишүүнийг хараат бусаар сонгон шалгаруулах ёстой Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг дүнгээ зарлаад удаагүйтэй холбоотойгоор хэн нь хэн бэ, хөшигний цаана юу болов гэх мэт яриа явагдсаар байна.
Хараат бусаар сонгон шалгаруулах ёстой ажлын хэсэг хараатаар ажилласан уу?
Ажлын хэсгийг анхнаасаа байгуулах гэж их мунгинасан. Ахлагч аа томилохоос эхлээд. Уг нь УИХ-ын гишүүн Д.Ганбатыг ажлын хэсгийн ахлагчаар тавьбал хараат бусаар ажиллаж чадна гэж Б.Энхбаяр гишүүн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хэлж байсан. Гэвч сиймхийгээр нь УИХ-ын даргыг огцорсны дараа дэд дарга Х.Булгантуяа өөрийн хүнээ “чихэж” оруулсан гэж ярьж байх юм.
Хууль зүйн байнгын хорооны 10 дугаар сарын 15-ний өдөр болсон хуралдаанаар ажлын хэсгийг байгуулах гэж нэлээд маргаантай байж, УИХ дахь АН-ын бүлгийн ахлах зөвлөх Н.Ариунболд, ЗГХЭГ-ын Хуулийн газрын дарга Ч.Эрдэнэчимэг нарыг дэмжихгүй унагаж, аль байгууллагын төлөөлөл байна байхгүй гэж их маргалдсан нь хуралдааны тэмдэглэлээс бэлээхэн харж болохоор байна. Энэ мэт анхнаасаа даалгавар биелүүлэх хүмүүсээр ажлын хэсгийг бүрдүүлж, дүр эсгэсэн сонгон шалгаруулалт хийхээр лоббичид шулуудсан байна.

Сонгон шалгаруулалтын будилаан
Энэ удаагийн нээлттэй гэх сонгон шалгаруулалтад 24 нэр дэвшигч нэр дэвшсэн бөгөөд олон эрдэмтэн, багш, төрийн албаны туршлагатай, шүүхийн захиргаагаар мэргэшсэн зэрэг хүмүүс нэрээ дэвшүүлсэн байсан. Гэвч эцсийн дүндээ МУИС-ийн нэг багш, нотариатын байгууллагын төлөөлөл, хоёр өмгөөлөгч нарыг ажлын хэсгээс Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан гэж үзэж шалгаруулсан байна.
МУИС-ийн багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Х.Эрдэм-Ундрах нь гадаадад боловсрол эзэмшсэн, олон жил эрдэм шинжилгээний ажил хийсэн туршлагатай бусад сонгогдсон 3-тай харьцуулахад хамгийн шаардлага хангасан гэж харагдаж байна. Туршлага, мэдлэг талаас нь ч харьцуулсан.
Энэ удаа мөн Нотариатын танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад саяхан ажлаа өгсөн Ч.Баянжаргал нь ажлын хэсгээс сонгогдоод байна. Өмнө Р.Онончимэг нь Нотариатын танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2021 онд албан тушаалаасаа буусан даруй шууд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн шүүгч бус гишүүнээр сонгогдсон нэгэн. Монголын Нотариатчидын танхимд Шүүхийн Ерөнхий Зөвлөл ямар өртэй юм бэ? Шүүгч бус 5 гишүүний нэг нь заавал нотариатчин байх ёстой жишиг тогтож байна гэж хардахаар.
Ч.Өнөржаргал, Ц.Жавхлантөгс гэсэн хоёр өмгөөлөгчийн хувьд сүүлийн 10-аад жил өмгөөллөөс өөр ажил хийгээгүй, төрийн албанд нэг ч минут ажиллаагүй, эрдэм шинжилгээний ажлын туршлага байхгүй шахуу, туурвисан бүтээл гээд байх юмгүй өөр олон бусад нэр дэвшигчтэй харьцуулахад дэндүү сул хүмүүс байгаа нь анхаарал татаж байна. Хуульчдын холбоо болон хэсэг хуульчид Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр зөвхөн хуульч, тэр дундаа хэрэг маргаан дээр явдаг өмгөөлөгч нар л ажиллах ёстой гэж баахан сурталчилж байсан. Энэ нь цаагуураа эдгээр өмгөөлөгчдийн замыг засаж байсан том лобби юу? Ер нь хуульд эрх зүйчээр ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй гэж заасан байхад заавал өмгөөлөгчид гэж сурталчилж лобби явуулсан нь цаана ийм учиртай байж.
Улс төрчид өөрсдийн хэрэг маргааныг аргалдаг өмгөөлөгчдийгөө ийнхүү албан тушаалд зүтгүүлж байна уу гэж мөн хардахад хүргэж байна.
Бодлогод залуусын нөлөөлөл, Нээлттэй нийгэм форум зэрэг төрийн бус байгууллагууд ажиглалт хийж, энэхүү сонгон шалгаруулалт шударга явагдах тал дээр хүчин чармайлт гаргаж, Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд хандаж ил захидал хүртэл гаргасан нь битүүхэндээ энэ сонгон шалгаруулалт буруу яваад байгааг анхааруулж байна гэж харагдаж байна.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр ямар хүн ажиллах ёстой вэ?
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн нь төрийн өндөр албан тушаалтан бөгөөд эрх зүйн өндөр мэдлэгтэй, ёс зүй, төлөвшлийг үнэлэх чадвартай, удирдлагын, бодлогын сэтгэлгээтэй, шүүхийн бие даасан байдлын баталгаа болж чадах хүн байх нь илүү чухал. Учир нь энэ байгууллага бол шүүхийн захиргаа, бодлого, хүний нөөц, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, шүүгчийн хараат бус байдлыг хангах байгууллага юм.
Европын олон орнуудын дийлэнх шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүнд хуульч гэхээс илүүтэй эрдэм шинжилгээний, хүний нөөц, удирдлагын чиглэлээр мэргэшсэн нийгмийн олон янзын төлөөллийг оролцуулдаг байна. Энэ нь өөрөө шүүхийн системийн ил тод байдал, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлдэг гэж үздэгтэй нь холбоотой.
Шударгаар нэр дэвших боломжгүй тогтолцоо юу?
Нэрээ нууцалсан эх сурвалжуудын хэлж буйгаар энэ удаагийн ажлын хэсгийн сонгон шалгаруулалт анхнаасаа тодорхой хүмүүсийг гаргах зорилготой байсан гэх. Анхнаасаа бүх юм нь тодорхой хүмүүс дэвшдэг юм бол “дүр эсгэсэн” хараат бус гэх ажлын хэсэг, “дүр эсгэсэн” сонгон шалгаруулалт зохион байгуулах шаардлага байдаг юм болов уу?
Энэ мэт анхнаасаа тодорхой хүмүүс дэвших байдлаар энэ шударга бус тогтолцоо явах юм бол олон шаардлага хангахуйц, чадвар чансаатай хуулийн салбарын олон хүмүүс халшрах, нэрээ дэвшүүлэхээс зайлсхийдэг болно. Учир нь тэдэнд улс төрийн нөлөө, лобби байхгүй тул зориг гаргаж нэр дэвшвэл эргээд янзан бүрээр цоллуулах, лоббичдын сөрөг пиарт автах магадлалтай. нэр дэвшихгүй байх үр дагаварт хүрнэ. Улмаар муу хүмүүс гардаг болж, зөвхөн аль нэг том даргын гар хөл, цүнхний бариулууд, пиарчид, лоббичид л дэвшдэг болно.
Шүүхийн тухай хууль шинэчлэгдэж, шүүгч бус гишүүдийг нээлттэйгээр нэр дэвшүүлж, хамгийн шаардлага хангасан нэр дэвшигчийг тодруулж, төрийн эрх барих дээд байгууллагаараа баталгаажуулдаг болсон энэ тогтолцоо Монгол улсад цаашид зөв ажиллах эсэх нь маш том эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна.
Иймээс цаашид УИХ-ын гишүүд, Хууль зүйн байнгын хорооны гишүүд үүнийг анхаарч, энэхүү сонгон шалгаруулалтыг хэрхэн зөв, шударга, хараат бус явуулах тал дээр толгойгоо гашилгах шаардлагатай нь харагдаж байна.
Шүүхийн бие даасан байдлыг хангах гол институцээ шударга гишүүдээр бүрдүүлэх их үйлсийг гишүүд та нар манлайлах хэрэгтэй шүү!
Сэтгэгдэл үлдээх