Коронавирусийн цар тахал нь дэлхийн эдийн засгийг сүүлийн 100 жилд тохиогоогүй ноцтой хямралын ирмэгт авчраад байна. Эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэсэн найдлага өдрөөс өдөрт замхарч, вирусийн халдварыг эмчлэх зардал өссөөр. Коронавирусийн халдварын улмаас дэлхийн дахинд олон арван тэрбум ам.долларын хохирол учраад байгаа бол үүнийг зөвхөн эхлэл хэмээн эдийн засагчид үзэж байгаа тухай ВВС агентлагийн эдийн засгийн тоймч А.Калмыков онцолжээ. Европ, АНУ-д хөл хорио тогтоохоос өмнө, санхүүгийн болон түүхий эдийн зах зээлд уналт болохоос өмнө шинжээчид “Дэлхийн ДНБ-ний өсөлтийн хурд буурна” гэж таамаглаж байсан бол одоо тэдний олонх нь дэлхий дахинаараа хямралд нэрвэгдэж ядуурна гэдэгтэй санал нэг байна. Айсуй эдийн засгийн уналт нь 10 жилийн өмнө болсон санхүүгийн сүйрлээс илүү хор хөнөөлийг хүн төрөлхтөнд учруулах болно. Учир нь, энэ удаад үүссэн асуудлууд нь илүү гүнзгий, илүү өргөн хүрээтэй байгаа юм. 10 жилийн өмнө уналтанд ороод байсан банкны тогтолцоог аврахын тулд Төв банкууд мөнгө хэвлэж байлаа. Харин өнөөдрийн энэ хямрал нь аж үйлдвэр, үйлчилгээний салбар гээд эдийн засгийг бүхэлд нь нураажээ.
Дэлхийн хүн амын гуравны хоёр нь хөгжиж буй орнуудад (Хятадыг эс тооцвол) амьдардаг бөгөөд эдгээр улс орнууд COVID-19 цар тахлын үед урьд өмнө учирч байгаагүй эдийн засгийн хохиролд өртөж байгаа НҮБ-аас мөн онцолжээ. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралтай харьцуулахад тахал өвчнөөс үүдэлтэй эдийн засгийн цочрол нь хөгжиж буй орнуудад хүчтэй нөлөөлж байна гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага болох UNCTAD тайландаа дурдсан байна.
UNCTAD-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мухиса Китуи "Цочролд орсон эдийн засгийн уналт улам газар авч байгаа бөгөөд үүнийг цааш хэрхэн үргэлжлэхийг таамаглахад хэцүү болж байна. Хөгжиж буй орны эдийн засгийн хувьд байдал сайжрах үед улам дордсон байх болно" гэв. Энэ оны эхэн үеэс дэлхийн улс орнуудын валютын ам.доллартай харьцах ханш 5-25 хувь хүртэл буурсан нь өмнөх санхүүгийн хямралын эхний үеүдтэй харьцуулахад илүү хурдацтай байгаа юм. Хөгжиж буй олон улс орнуудын бараа бүтээгдэхүүний үнэ гадаад валютаас ихээхэн хамаардаг бөгөөд хямрал эхэлснээс хойш үнэ нь огцом унаж эхэлсэн. Дэлхийд эдийн засгийн хөгжлөөр тэргүүлдэг орнууд болон Хятад Улс Засгийн газрын томоохон багцуудыг нэгтгэж, эдийн засагт таван их наяд долларын дэмжлэгийг гаргасан. Энэ нь урьд өмнө тохиолдож байгаагүй хямралд таамаглаагүй арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн болон сэтгэл зүйн хувьд хэр хэмжээний цочролд хүргэснийг харж болох юм. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал улам бүр доройтож байгаа энэ үед санхүүгийн болон валютын хязгаарлалтыг чангалах шаардлагатайг эдийн засагчид онцолж байгаа юм. UNCTAD нь хөгжиж буй орнуудад ойрын хоёр жилийн хугацаанд хямралыг хохирол багатай даван туулахад 2-3 триллион ам.доллар хүртэлх санхүүжилтыг тооцоолжээ.
Сэтгэгдэл үлдээх