Есдүгээр сарын 03-наас эхлэн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээ нь “Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой” хэмээн Экологийн Цагдаагийн албанаас мэдээлсэн юм. Энэхүү аяны хүрээнд экологийн Цагдаагийн албаныхан байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн эсрэг хяналт тавин ажиллаж байна.
Хяналт шалгалтын ажлаас гадна байгаль орчныг нөхөн сэргээх, иргэдийн ухамсарт нөлөөлөх ажлуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Экологийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн Ахлах хошууч Б.Өсөхбаяраас тодрууллаа.
“Ой модоо хайрлая” аяны хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ. Энэ оны эхний найман сарын байдлаар ойн сан мөн байгаль орчныг бохирдуулсан гэмт хэрэг хэчнээн бүртгэгдсэн бэ?
“Ой модоо хайрлая” аяны хүрээнд бид төрийн байгууллагуудтай хамтран Нийслэлийн ногоон бүс, дархан цаазат газар болох Богдхан ууланд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалтын үеэр олон зөрчил илэрсэн. Ой модонд отоглож байрласан хүмүүс самрыг их хэмжээгээр бэлтгэж, хог хаягдлыг ихээр хаях, ил задгай гал түлэх болон архидан согтуурсан зөрчлүүд илэрсэн. Мөн улсын хэмжээнд оны эхний сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 1189 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан. Үүнээс харахад, өнгөрсөн оны мөн үеэс 771 буюу 1.8 дахин өссөн. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй 813, зөрчлийн шинжтэй 315 гомдол, мэдээллийг буюу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэсэн хэрэг зөрчлийн 87.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй бол 12.1 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байсан. Үүнээс хууль бусаар мод бэлтгэх 56, ой хээрийн түймэр тавих гурав, байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн.
Энэхүү аянд зөвхөн экологийн Цагдаагийн албаас гадна өөр байгууллагууд хамран ажиллаж байгаа харагдсан. Хяналт шалгалт хийхээс гадна нөлөөллийн өөр ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа вэ?
“Байгаль Эн Тэргүүнд” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” мэдээлэл сурталчилгааны хэсэгчилсэн арга хэмжээг идэвхжүүлэх, “Эх дэлхийдээ хүчилтөрөгч бэлэглэе” уриан доор Хууль зүй дотоод хэргийн яам, БОАЖЯ, Цагдаагийн Ерөнхий газар хамтран мод тарих ажлыг зохион байгуулж байна. Мөн Богдхан уулын дархан цаазат газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Хан-Уул дүүргийн Богдхан ууланд байрлах Бурхантай Хөшөөний цэцэрлэгт хүрээлэнд шар хуйс, шинс, гүйлс гэх мэт дөрвөн төрлийн 50 гаруй мод суулгасан. Энэ нь агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, агаарын тоосонцорыг багасгах, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн хяналт шалгалтын үеэр хуш мод маш их гэмтсэн байсан. Хуш модны холтос гэмтсэнээр модыг үхэлд хүргэж, нөхөн төлжих боломжгүй болгодог. Модны холтос бол хүнээр зүйрлэвэл арьс нь юм. Гэвч хүний арьс нөхөн төлждөг бол модны холтос нөхөн төлжиж ургадаггүй. Модны холтос гэмтвэл мод хамгаалалтгүй болж гадны биет, хорхой шавьж, мөөгөнцөр зэрэг үржиж модыг үхэлд хүргэдэг. Иймээс иргэдэд соёлын хувьсгал гэдэг шиг экологийн боловсролыг маш далайцтайгаар хүргэж, байгаль орчныг хайрлах сэтгэлгээг суулгах хэрэгтэй байна.
Энэхүү зөрчлийг ямар хүмүүс ихэвчлэн гаргаж байна вэ?
Дээрх зөрчлүүдийг хөдөө орон нутгаас ирж самар бэлтгэж байгаа хүмүүс их гаргаж байна. Мөн тодорхой ажил эрхэлдэггүй иргэд гэр бүлээрээ ууланд отоглож самар түүх үедээ гаргаж байна.
Эдгээр хүмүүс самар түүх зөвшөөрөл олгосон бүсээс самар түүж байна уу, эсвэл зөвшөөрөгдөөгүй бүсэд байрлаж байна уу
Бидний шалгалт Дархан цаазат ууланд хийгдсэн. Дархан цаазат газарт эдгээр зөрчлүүдийг гаргаж болохгүй.
Тэгвэл хууль бусаар самар түүж байна гэсэн үг үү. Эдгээр хүмүүст ямар шаардлага, шийтгэл ногдох вэ?
Тиймээ. Дархан цаазат уулнаас хууль бусаар самар бэлтгэсэн гэсэн үг. Зөрчил гаргасан тохиолдолд 5.4 сая төгрөгөөс дээш мөнгөөр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг. Гэвч бид самар бэлтгэж байгаа иргэдийг одоогийн байдлаар огт мөнгөн дүнгээр торгоогүй. Харин хуулийн сануулга өгч уулнаас буух шаардлагыг тавьж ажилласан байгаа.
Сэтгэгдэл үлдээх