Нүүр хуудас Мэдээ БШУЯ: Монголын түүх, хэл, соёлыг сургалтын хөтөлбөрөөс хасаагүй

БШУЯ: Монголын түүх, хэл, соёлыг сургалтын хөтөлбөрөөс хасаагүй

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

“Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалын агуулгыг сургалтын хөтөлбөрөөс хасчээ” гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Харин энэ талаар БШУЯ-наас тодруулахад “Монгол Улсын их, дээд сургуульд элссэн оюутнууд нэгдүгээр дамжаандаа Иргэний боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухааны зарим хичээлийг олон кредитээр давтан үздэг. Сурагчдын ерөнхий боловсролын сургуульдаа тасралтгүй үздэг иргэний боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухааны зарим хичээлийг 12 дугаар ангид нь кредитийн системд шилжүүлэх ажлыг Боловсролын хүрээлэнгийн оролцоотой эрдэмтэн судлаачдыг хамруулсан судалгааны үндсэн дээр шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр ерөнхий боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын байгууллагын залгамж, уялдаа холбоо оновчтой болно. Энэ нь Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалыг сургалтын хөтөлбөрөөс бүрмөсөн хасаж байгаа зүйл огт биш юм.

Боловсрол, шинжлэх ухааны яам монгол хүүхдийг сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролоор монгол хүн болгон төлөвшүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон дээд боловсролоор дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, өрсөлдөх монгол иргэнийг бэлтгэх зорилгоор бүх шатны сургалтын хөтөлбөр, агуулгаа сайжруулах бодлогыг баримталж байна. Энэ нь Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, 2020 онд баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжинэ.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.4-т “Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, шударга ёсны үзэл, хандлага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн, монгол хүний онцлогт тохирсон зан чанар, хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ” гэж батлуулсан.

Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудаа монгол хүн болгон төлөвшүүлэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, бичиг, соёл, түүхээ өвлүүлэх чиглэлээр хийж буй Засгийн газар, салбарын яамны бодлого үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж, улстөржүүлж, хөрш орны бодлого мэтээр тайлбарлаж байгаа нь туйлшрал болж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газар, түүний дотор БШУЯ-ны үүрэг бөгөөд Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалыг өвлүүлэх, сурган хүмүүжүүлэх чиглэлд онцгой анхаарч, дараах тогтоол, шийдвэрийг гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна” гэлээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү