Улсын онцгой комисс өчигдөр хуралджээ. ЭМЯ болон НОК-оос гаргасан “14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал”-ыг хэлэлцсэн байна.
Өмнөх Шадар сайдууд болох Ө.Энхтүвшин, Я.Содбаатар нар доороос гарсан санал бүрийг “мэргэжлийн байгууллагын дүгнэлт”, “эрдэмтдийн тооцооллоор” хэмээн шууд дэмжин, Засгийн газрын хуралдаанаар батлуулдаг байсан. Өнгөрсөн хугацаанд УОК ямар ч танилцуулга, төсөв, төлөвлөгөө үгүй, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж, дотоодод халдвар илрээгүй байхад олон сараар хөл хорьж эдийн засгаа туйлдуулаад байгаа билээ. Харин энэ удаад шинэ удирдлагууд шинжлэх ухаанчаар, дэлхийн туршлагаар ажиллана гэдгээ өчигдрийн хурлаар харуулсан байна.
14 хоног хатуу хөл хорио тогтоох ЭМЯ-ны саналыг Шадар сайд С.Амарсайхан эс зөвшөөж, “Хөл хорих хугацаанд юу хийх гэж байгаа юм бэ? Иргэдээ ПСР шинжилгээнд хамруулах гэж байгаа юм уу? Эсвэл Цагаан сараар тархалт нэмэгдэнэ хэмээн зүгээр л хөл хорих гэж байгаа юм уу? Та нарт ямар нэгэн төлөвлөгөө байна уу?” хэмээн асуухад санал гаргасан яамныхан юу ч хариулж чадаагүй, төлөвлөгөө гаргаюу хэмээн гарч оджээ. Шадар сайдын хувьд Улаанбаатар хотыг удирдаж байсан туршлагатай, үндсэндээ бизнесийн салбараас ирсэн хүн учир олон талаас нь бодож ийн асуусан биз.
Түүний ингэж нэхэх нь аргүй юм. Өнгөрсөн хугацаанд Улсын онцгой комисс олонтаа онцгүй шийдвэр гаргаснаас үүдээд улс орны болон иргэдийн эдийн засаг шалдаа ортол дордоод байгаа. Нийгмийн даатгалын 2 хувийн шимтгэл үүний нэг илрэл нь.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Математик загварчлал гаргаж ажиллах шаардлагатай. Сар бүр 1000 иргэнээ хилийн чанадаас татан авна. Иргэдийн амь насыг ч хамгаална, эдийн засгаа ч сэргээнэ” хэмээн эрмэг мэдэгдээд байгаа нь сайшаалтай.
Шадар сайд асан Я.Содбаатар хэрхэн ажилласаныг иргэд сайн мэднэ. Ганцхан жишээ хэлэхэд, эх орондоо ирж байгаа иргэдийг заавал 21 хоног карантилна хэмээн тэрээр зөрүүдэлсэн. Гадаадад байгаа монголчууд “Дэлхийд байхгүй карантин. Бусад улс орнууд 14 хоног тусгаарлаад байна шүү дээ” гэхэд “Үгүй ээ” хэмээн зөрүүдэлж байгаад хэзээ мөдгүй тусгаарлалтаас гарах гэж байсан жолооч Д дээр халдвартай хүн оруулснаас дотоодод алдаад байгаа нь нууц биш. Сүүлдээ үнэнд гүйцэгдэж “Шадар сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл хэлэлцээд хөл хориог 14 хоног болгохоор боллоо” хэмээн чимээгүйхэн мэдэгдээд, 14 хоног болгосон. Гэвчиг Шадар сайдын дэргэд ямар ч эрдэмтдийн зөвлөл байхгүй нь тодорхой болоод байна шүү дээ.
Энэ мэт онцгой шийдвэрүүдийн хор урхаг одоо ч иргэдийн амьдралд хүндээр туссаар байна. Хотын захын хорооллын дэлгүүрүүд өрийн бичигт баригдаж, халдварын тоо буурахаа байж, Ерөнхий сайдын хэлсэнчлэн “дунд шатандаа шийдвэр хэрэгжихгүй” хэвээр байна.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд болон Шадар сайд нар дэлхийд авч хэрэгжүүлсэн коронавирусийн эсрэг арга тактикаар ажиллах нь уу дээ гэсэн найдлага төрж эхэллээ.
Бид дугуйг шинээр зохиох гэж цаг алдах хэрэггүй. 11 дүгээр сард дотоодод алдахад, дэлхий арван сарын арвин туршлагатай болсон байсныг хуулахад болмоор.
Австрали зэрэг оронд халдварыг ялан дийлснээ бахархалтайгаар зарлаж, иргэд нь амны хаалтгүй, амар жимэр аж төрж байгааг яагаад судалж, нэвтрүүлэхгүй байна вэ. Бөх хүнээс гармаар наадмын мандат шиг QR код гаргаж, нэг нэгэндээ давуу байдал олгон, адаг сүүлдээ хуурамчаар үйлдэн гэмт хэрэг хийх байдал руу иргэдийг түлхэж байгаа зэрэгт одоо л дүгнэлт хийж, дэлхийтэй хөл нийлүүлэх нь үү дээ гэсэн найдварын оч гялсхийсэн нь сайшаалтай.
Сэтгэгдэл үлдээх