У.Хүрэлсүхийн сайн дураараа огцорсон шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юу

 Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх өнгөрсөн 12 сард иргэд, аж ахуйн нэгжийн хэрэглээний дулаан, цахилгааны үнийг 100 хувь чөлөөлж, төр хариуцхаар болсон тухай мэдээлж, энэ арга хэмжээгээ коронавирусын халдварын тархалт, хөл хорионы улмаас үүссэн эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төрөөс иргэд, аж ахуй нэгжид үзүүлж буй төрийн дэмжлэг хэмээн нэрлэсэн. Хэрэглээний дулаан цахилгааны үнийн чөлөөлөлт энэ оны долдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд энэхүү ачааг “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-т бүрэн хариуцхаар болсон. Мэдээж энэ мэдээлэл цацагдсаны дараа ард иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлж, түүний нэр хүнд энэ хугацаанд асар ихээр өсөв.

 

Харин зарим хүмүүсийн зүгээс дээрх арга хэмжээг “У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ” хэмээн дүгнэж байна. Энэ оны 6-р сард Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Энэ сонгуульд зориулсан хуулийг өдгөө энэ цаг үед УИХ-р хэлэлцэж байгаа. Мэдээж УИХ-д олонх болсон эрх баригч нам өөрийн нэр дэвших хүндээ зориулсан хууль журам батлах нь ойлгомжтой.

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гол хүний нэр тодорхой. Тэр нь хэн бэ гэвэл одоогийн МАН-ын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх. Харин АН-аас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар, ХҮН-аас Т.Доржханд нарыг нэр дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл явж буй. У.Хүрэлсүхийн хувьд намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой хүний нэг. Учир нь одоохондоо МАН-д түүнээс өөр нэр хүндтэй, рейтинг өндөртэй улс төрч байхгүй.

Харин У.Хүрэлсүх өөрөө түүхэнд нэрээ үлдээсэн Ерөнхий сайд байхыг их хүссэн. Тэр ч үүднээсээ түүнийг магтан сайшаагчид У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй эн зэрэгцүүлж тэнгэрт тултал нь магтан хөөргөдөг. Тийм ч учраас ирэх онд МАН түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэх өндөр магадлалтай гэж хэлж болно. Тэгээд ч У.Хүрэлсүх ч өөрөө дөнгөж сая Ерөнхийлөгч болох болзлоо хангаж, Ерөнхий сайдынхаа суудлыг Л.Оюун-Эрдэнэд шилжүүлэн өгсөн.

Түүний өнгөрсөн онд гаргасан “Иргэдийн хог, тог, усны мөнгийг тэглэх” шийдвэрийг ард түмэн маш их талархан хүлээж авсан ч энд нэг асуудал байгаа. Тэр нь юу вэ гэвэл хэрвээ У.Хүрэлсүх энэ онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадахгүй бол улстөрөөс бүр мөсөн арчигдах аюултай. Тэрээр өөрөө ч үүнийгээ маш сайн мэдэж байгаа. Мэдээж Ерөнхийлөгч болно гэдэг хэн бүхэнд олдоод байдаггүй ховор хувь тавилан. Хэрвээ тэр ирэх сонгуульд ялж чадвал хүслээ гүйцэлдүүлж Ерөнхийлөгч болно. Харин ялж чадахгүй бол улстөрчийнхөө карьерт нэг мөсөн цэг тавьж, шинэ үеийнхэнд зайгаа тавьж өгнө гэсэн үг. Хэрхэхийг цаг хугацаа харуулах буйзаа.

Сэтгэгдэл үлдээх