Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө уламжлал ёсоор дунд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана.
Тэмцээний эхний өдөр Япон улсын баг тамирчид гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль, нэг шагналт байр эзэлсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 71 орноос хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй зургаан бөх барилдана.
Эмэгтэйчүүдийн -63 кг жин
Энэ жинд ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Ганхайч барилдах ба тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эмэгтэйчүүдийн -70 кг жин
Энэ жинд манай залуу тамирчин ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогт Узбекистаны залуу бөхтэй учраа таарсан байна.
Эрэгтэйчүүдийн -73 кг жин
Энэ жинд манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдах ба манай бөхчүүд эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эрэгтэйчүүдийн -81 кг жин
Энэ удаагийн тэмцээний хамгийн олон бөх оролцож буй жин болох эрэгтэйчүүдийн -81 кг жинд нийт 50 бөх барилдах ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай, Ази тивийн аварга бөгөөд Ташкентын гран при тэмцээний хошой мөнгөн медальт ОУХМ Н.Дагвасүрэн нар барилдана. С.Моллай аварга С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн бол А хэсэгт ОУХМ Н.Дагвасүрэн эхний тойрогт Афганистаны залуу бөхтэй барилдана.
Сэтгэгдэл үлдээх