Монголбанкнаас хэрэглээний зээл болон ипотекийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүссэн иргэдийн зээлийн эргэн төлөх хугацааг 2021 оны долдугаар сар дуустал сунгасан. Хэрэглээний зээлд машин, цалин, тэтгэвэр, төрөл бүрийн лизингийн зээл багтаж байгаа бөгөөд нийт зээлийн 25 хувийг эзэлдэг байна. Ингэхдээ ипотекийн зээлийн хүү, үндсэн төлбөр хоёрыг зэрэг хойшлуулсан. Энэ зээл дээр төлөөгүй хугацааны хүү тооцохгүй гэсэн үг. Харин хэрэглээний зээл дээр үндсэн төлбөрөө хойшлуулаад хүүг хойшлуулж болно, гэхдээ тухайн хугацаандаа хуримтлагдсан хүүг нэмж төлнө.
Өөрөөр хэлбэл, зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан дээрх хугацаанд хүү нь хуримтлагдаж байгаа. Өнөөдөр сардаа 150 мянган төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлдөг хүн зээлээ долоон сар хойшлуулсны дараа хүүдээ 1 сая төгрөг төлөх болно. Энэ нь дахиад иргэн, ААН-үүдэд хүндрэл болох учраас хуримтлагдаж байгаа хүүгийн зохицуулалтыг шийдэх хэрэгтэйг иргэд, ААН-үүд хүсч байна. Хатуу хөл хорио тогтоож, бизнес, ААН-ийн үйл ажиллагааг хүчээр зогсоосон хугацаанд зээлийг хүүг зогсоох талаар тодорхой шийдвэр гаргаж, иргэн, ААН-үүдэд хариулт өгөх хэрэгтэй. Уг асуудлыг оны өмнө УИХ-ын зарим гишүүн хөндөж, банкны хадгаламж болон зээлийн хүүг гурван сар тэглэх санал, санаачилга тухайн үед гарч байв. Энэ хүрээнд Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүү тооцохгүй байхаар тусгасан.
Оны өмнө Төв банкны зүгээс өнөөдрийн гарсан зээлүүдийг хүүг бууруулах асуудлаар Монголын банкуудын холбоотой санал солилцсон байдаг. Банкууд тодорхой хэмжээнд эрсдэлээ дагаад ойролцоор 1.7 пунктээр бууруулах боломжтой гэсэн хариу өгсөн талаар чуулганы хуралдааны үеэр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хэлж байсан.
Тиймээс одоо л уг шийдвэрийг амьдрал дээр хэрэгжүүлж иргэд, ААН-үүдийн ачааны хүндээс үүрэлцэхгүй бол ирэх долдугаар сараас эхлэн зээл төлөлт болон хүүгийн дарамтад орно. Цар тахлын үед зээлийн хүүг тэглэх эсвэл тодорхой хувиар бууруулах боломжтой эсэхийг Сангийн яам болон Монголбанкнаас тодруулах гэсэн боловч хариулт өгөхөөс татгалзсан юм.
Харин Монголын Банкны Холбооноос тодруулахад, “Одоогийн байдлаар олон улсад ийм жишиг алга байна. Арилжааны банкууд бол бизнесийн байгууллага. Бусад иргэд, ААН-үүдийн адил Covid-19-ийн нөлөөнд өртсөн. Банкны эх үүсвэрийн 90 хувь нь харилцагчийн мөнгө байдаг учраас банк өөрөө эрсдэл, үүрэг хүлээдэг. Харин олон улсын жишгийн дагуу Covid-19-ийн нөхцөлд зээлийн болон хүүний хугацааг хойшлуулах арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна. Төрөөс үзүүлж буй үйлчилгээ болох ипотекийн зээлийн хүүг хойшлуулж, цар тахлын үед төлөхгүй байгаа” гэсэн хариултыг өглөө.
Зээлийн хүүг тэглэх боломжтой эсэх талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас тодруулахад, “Цар тахлын нөлөө, зээлийн хүүг бууруулах бодлогын нөлөөгөөр энэ хугацаанд банкны салбарын хадгаламж, зээлийн хүү буурсаар байгаа. Харин цар тахлын өмнө болон тухайн хугацаанд зээл авсан иргэд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж төлбөрийн чадвар муудсантай холбоотой санхүүгийн хүндрэл нь өөр асуудал юм. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан нь иргэн, ААН-үүдэд нилээд дэмжлэг болж байгаа болов уу. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой хоёр ялгаатай байдал бий. Ипотекийн зээлийн хувьд зээлийн хүү, хугацааг хойшлуулж, хойшлуулсан хугацаагаар зээлийн ерөнхий хугацаа нэмэгдэж байгаа бол арилжааны зээлийн хүрээнд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж хугацаа дуусахад хойшлуулсан хугацааны хүүг зээлийн эргэн төлөлтийн шинэ хуваарьт оруулж тооцож байгаа.
Энэ хугацааны зээлийн хүүг бууруулах, төлөхгүй байх боломж шулуухан хэлэхэд байхгүй. Шалтгаан нь зээлдүүлэгч болох банк нь нөгөө талд яг зээл олгож байх үеийн нөхцөлөөр харилцагчид төлөх хадгаламж, бусад эх үүсвэрийн зардал тодорхой гэрээний дагуу банкны байгууллагаас гарч байгаа. Үүнийг зогсоох боломжгүй тул харилцагчийн зээлийн хүүг бууруулах, зогсоох боломж байхгүй. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан энэ хугацаанд банкны салбар энэ дарамтыг давахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа. Одоо бидний зүгээс энэ тал дээр хийх хамгийн сайн дэмжлэг нь вакцинжуулалтыг түргэсгэж эдийн засгийн хэвийн амьдралд хурдан шилжиж иргэн, ААН-н санхүүгийн чадавхийг сайжруулах явдал” гэлээ.
Хатуу хөл хорио тогтоож, бизнес, ААН-ийн үйл ажиллагааг хүчээр зогсоосон энэ үед түр хугацаанд зээлийг хүүг зогсоох эсвэл бууруулах тал дээр төр зайлшгүй анхаарахгүй бол иргэд, ААН-үүдэд дарамт болж байна.
Нөгөөтэйгүүр энэ үед банкууд ард иргэдээ бодох цаг ирээд байна.
Сэтгэгдэл үлдээх