Нэн ховор, өндөр өртөг бүхий газрын ховор элементийг орлох материалыг гарган авч, шинжлэх ухаанд сүүлийн 30 гаруй жилд гараагүй томоохон амжилт авчраад буй монгол эрдэмтэн, профессор Д.Одхүүтэй цахимаар холбогдож ярилцлаа. Тэрбээр БНСУ-д докторын зэргээ хамгаалж, АНУ-д ажиллаж байгаад одоо урилгаар Инчоны Үндэсний их сургуулийн профессороор ажиллаж байгаа юм.
-Ярилцлагаа таны сүүлд хийсэн судалгааны ажлаас эхэлье. БНСУ-ын "KBS" зэрэг мэдээллийн сувгуудаар гарсан таны судалгааны ажлын ач холбогдлыг мэргэжлийн бус хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлаж болох уу. Хамгийн гол нь, таны судалгааны ажил амьдралд ямар ашиг тустай вэ?
-Энэхүү судалгааны ажил маань олон улсын судлаач эрдэмтдийн онолын болоод туршилтын багаас бүрдсэн үндэсний хэмжээний томоохон судалгааны төсөл. Өнөө үед хүмүүсийн хэрэглээнд нэлээд түгээмэл болоод буй цахилгаан автомашин нь газрын ховор элемент дээр суурилсан соронзон шинж чанар бүхий материалыг голлох эд ангиуддаа хэрэглэдэг. Жишээ нь, цахилгаан моторын үндсэн эд ангийг бүрдүүлэгч соронзон материалиуд болох Nd2Fe14B, SmCo5-д маш үнэтэй газрын ховор элемент Неодиум (Nd) болон Самариум (Sm) ордог бөгөөд эдгээр элементүүдийн нөөц нь хязгаарлагдмал, Хятадаас бүрэн хамааралтай байдаг нь өнөөдрийн хурдацтай өсөж байгаа электрон тоног төхөөрөмж болон цахилгаан автомашины хэрэглээнд маш том асуудал үүсгээд байна. Тийм учраас дэлхий даяар эрдэмтэд эдгээр газрын ховор элементүүдийг түгээмэл олдоцтой, газрын нөөц ихтэй хямд материалаар орлуулан солихоор эрчимтэй ажиллаж байгаа хэдий ч хараахан дээрх материалтай дүйцэхүйц шинж чанартай шинэ төрлийн материалыг олоогүй байгаа юм. Саяхан манай судалгааны багийнханы гаргасан онолын судалгааны ажил амжилттай болж, тухайн шинээр нэр дэвшүүлж буй материал нь хямд элементүүд болох төмөр, никель, азот зэргээс бүрддэг бөгөөд энэ нь газрын ховор элементүүд бүхий материалуудыг бүрэн орлох шийдэл болсон гэж үзэж байна.
Энэ нь сүүлийн 30 гаруй жилд гараагүй шинэ үр дүн бөгөөд одоогоор тус судалгаагаа патентжуулах болон лабораторийн түвшинд гарган авах туршилтыг хийж байна. Хэрвээ амжилттай хэрэгжиж чадвал цаашлаад үйлдвэрлэлийн түвшинд нэвтрэх судалгааг хийх юм.
-Таны судалгааны ажил олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн гэж сонссон. Энэ талаар, бас нууц биш бол өөр бүтээлүүдээсээ сонирхуулахгүй юу?
–Энэхүү судалгааны ажил маань материал судлалын чиглэлээр oлон улсад нэр хүндтэй “Acta Materialia’ сэтгүүлд хэвлэгдсэн. Өөрөөр хэлбэл, бидний судалгааны ажлыг олон улсын төвшинд амжилттай хүлээн зөвшөөрсөн гэдгийн баталгаа юм. Ер нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байгаа хүмүүс ажлынхаа үр дүнг тухайн салбарынхаа мэргэшсэн эрдэмтдээр хянан зөвшөөрүүлж хэвлүүлэх нь судалгааны ажлын гол үнэлэмж болж чаддаг.
Одоогийн байдлаар өөрийн хийж буй материалын онолын загварчлал болон түүнийгээ лабораторийн туршилтад баталгаажуулсан эрдэм шинжилээний ажлуудаараа нийт 80 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн SCI түвшний сэтгүүлүүдэд хэвлүүлээд байна.
-Эдгээр судалгааны ажил нь таны хэдэн жилийн хөдөлмөр вэ?
-Монгол Улсын ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд 2004 онд эрдэм шинжилгээний ажилтнаар судалгааны ажлын гараагаа эхэлж байсан гэж бодохоор өдгөө 18 дахь жилдээ эрдэм шинжилгээ судалгааны ажлаа тасралтгүй хийсээр байна. Судалгааны ажлын үндсэн чиглэл гэвэл цахилгаан төхөөрөмжүүд, тухайлбал, ухаалаг гар утас, компьютер зэрэгт ордог мэдээлэл дамжуулах болон хадгалах эд ангиуд (RAM, HARD) болон дахин цэнэглэгдэх зай хураагуурт (Li-ion rechargeable battery) хэрэглэгддэг материалын судалгаа, сүүлийн үед цахилгаан автомашины моторын бүрэлдэхүүн материалын шинж чанарыг сайжруулах судалгаанд голлон ажиллаж байна.
-Та АНУ, БНСУ-ын олон компанид ажилласан туршлагатай юм билээ. Харин яагаад Инчоны үндэсний их сургуульд ажиллахаар болсон бэ?
-МУИС-ийн физикийн ангийг 2004 онд төгсөөд БНСУ-ын "Hyundai" компанийн үүсгэн байгуулсан Улсаны их сургуульд 2012 онд докторын зэргээ хамгаалсан. Түүнээс хойш Ази номхон далайн онолын физикийн төв (APCTP), Улсан хот дахь Шинжлэх ухаан технологийн хүрээлэн (UNIST), АНУ-ын Нортридж дахь Калифорни мужийн их сургууль (CSUN), Лос-Анжелос дахь Калифорнийн их сургууль (UCLA) зэрэг байгууллагуудад судлаачаар ажиллаж байгаад одоо урилгаар БНСУ-ын Инчоны үндэсний их сургуулийн (INU) физикийн тэнхимд үндсэн профессороор ажиллаж байна. Инчонд 2014 оноос хойш гэр бүлийн хамт амьдарч байгаа.
НӨХЦӨЛИЙГ НЬ БҮРДҮҮЛЭЭД ӨГВӨЛ МОНГОЛ ОЮУНЫ ЧАДАМЖ ДЭЛХИЙД ӨНДРӨӨР ҮНЭЛЭГДЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
-Монголын эрдэмтэд гаднын томоохон байгууллагуудад ажиллаж, амжилт гаргаж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгааг харах бахархалтай байдаг. Гэхдээ энэ эрдэм мэдлэг, чадвараа эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад зарцуулахгүй юм уу гэсэн харамсал олон монгол хүнд төрдөг байх?
–Тийм ээ, тэгэлгүй яахав. Судалгааны ажил хийх боломж бололцоо, нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл монгол хүний оюуны чадамж дэлхийд өндрөөр үнэлэгдэх бүрэн боломжтой гэж хардаг. Миний хувьд мэдээж өөрийн хуримтлуулсан мэдлэг, чадвараа эх орныхоо хөгжилд оруулахыг хүсэлгүй яахав. Гадаадад суралцаж, эсвэл ажиллаж байгаа бусад эрдэмтэн, судлаач нар маань ч бүгд надтай адил бодолтой явдаг гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Миний хувьд Инчоны их сургуульд профессор болсон цагаасаа эхлэн эх орондоо нэн шаардлагатай, ирээдүйн чадварлаг боловсон хүчнүүдийг бэлдэхийн тулд докторын дараах олон судлаач болон оюутан залуучуудыг Монголоосоо элсүүлж, өөрийн судалгааны баг болон өөр бусад сургуулиудын судалгааны багт тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулан, судалгаа хийх боломжоор ханган ажиллуулж байна.
Мөн үндэсний хэмжээний их сургуулиуд хоорондын оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хэд хэдэн гэрээг санаачлан гар бие оролцсон байдаг юм.
Цаашлаад БНСУ-ын Засгийн газар болон технологийн компаниудаас төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар илүү олон монгол залуусыг сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг нь санхүүжүүлэн, орчин үеийн шинэ техник технологи эзэмшүүлэн ирээдүйн монголын шилдэг инженер, эрдэмтэн залуусыг бэлдэх болно.
-Таны хувьд Монголдоо ирж ажиллах уу. Эх орондоо хэзээ ирэх вэ?
–Мэдээж эх орондоо очиж, ажиллаж амьдралгүй яахав. Удахгүй ойрын ирээдүйд болов уу гэж харж байна. Хүн ямар нэг мэргэжил эзэмшээд зогсохгүй тухайн мэргэжилдээ өндөр түвшинд мэргэших нь хамгийн чухал гэдгийг гол үзэл баримтлалаа болгодог. Хэдий 18 жилийн туршид судалгааны ажил хийсээр ирсэн ч гэсэн би өөрийгөө судалгааны ажлынхаа хүрээнд бүрэн дүүрэн мэргэшиж амжаагүй л явна гэж боддог. Тиймээс эх орондоо буцахаасаа өмнө, өөрийн судалгааны ажлын чадавх, чадамжийг улам сайжруулж, бататгахын зэрэгцээ өөрийн мэргэжлээр мэргэшсэн сайн шавь, залгамж халаа болох эрдэмтэн судлаачдыг төрүүлэхийг эрмэлзэж байна.
ЭНЭ САЛБАРТ БУСАД САЛБАРУУДААС ИЛҮҮ ОЛОН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД БАЙДАГ
-Та МУИС-ийн Физикийн тэнхимийн “бүтээгдэхүүн”. Гэтэл одоогоор уг тэнхимд элсэх оюутан олдохгүй бараг хаагдахад хүрээд байна. Сургуулийн захиргааны зүгээс таваас цөөн хүүхэд элсвэл тэнхимийн хөтөлбөрийг хаах шаардлага тавиад байгаа. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулах нь зөв гэж харж байна вэ?
–Cуурь шинжлэх ухаан, ялангуяа физик, техник технологи, аж үйлдвэржилт нь улс орны хөгжлийн эх үндэс гэдгийг, мөн хүн төрөлхтний амьдралд ямар бодитой үр өгөөж өгч чаддаг вэ гэдгийг юун түрүүнд оюутан залууст маш тодорхойгоор таниулж, том дүр зургаар таниулах нь хамгийн чухал байна.
БНСУ-ын жишээг татахад, дунд болон ахлах сургуулийн сурагчдад зориулсан шинжлэх ухаан танин мэдэхүйн нэвтрүүлгийг ихээр хийхийн зэрэгцээ, тухайн сурагчдыг их сургуулиуд болон технологийн ололт амжилт бүхий томоохон компаниудад зочлуулан шинэ техник, технологитой танилцуулдаг. Мөн дээрээс нь шинжлэх ухааны музей болоод шинжлэх ухааны холбогдолтой үзвэрийн газруудыг ихээр байгуулж олон нийтэд хүртээлтэй, нээлттэй байлгах зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол явуулж оюутан, залуусыг идэвхтэй оролцуулдаг.
Ер нь өндөр хөгжилтэй улс орнуудад шинжлэх ухааны салбар, түүнд ажиллаж байгаа мэргэжилтэн доктор профессоруудын нийгэмд эзлэх байр суурь, хүндлэл маш өндөр байдаг. Энэ нь бас тухайн хүүхэд, залууст шинжлэх ухааны чиглэлээр мэргэших, мэргэжлээ сонгоход нь голлох хүчин зүйл болдог байх гэж боддог.
Хамгийн ойрын жишээ гэхэд телевизийн суваг болон сошиал мэдээллийн хэрэгслээр тухайн улсад тулгамдсан болон өрнөөд буй асуудалд уг салбарын мэргэшсэн эрдэмтэн профессоруудыг урьж оролцуулан үндэс шалтгаан, тайлбар, гаргалгаа зэргийг шинжлэх ухаанч өнцгөөс таниулан мэдээлж байдаг юм.
-Магадгүй шинжлэх ухаанд дуртай, сонирхолтой ч эдийн засаг, амьдралын шаардлагаар өөр мэргэжил сонгож байгаа олон хүүхэд байгаа байх. Тэдэнд та юу гэж хэлэх вэ?
–Байгалийн суурь шинжлэх ухаанд суралцсанаар бидний оюун ухаан системтэйгээр хөгжиж цаашлаад ямар ч салбарт суралцаж ажиллах давуу тал үүсгэж байдаг. Тэр салбартаа илүү амжилт олох давуу талтай гэж ойлгож явдаг.
Түүнчлэн байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой хүүхэд залууст хандаж хэлэхэд сайн cудлаад үзвэл энэ салбарт бусад салбаруудаас илүү боломж, илүү олон тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг юм шүү гэж хэлмээр байна.
Мөн ямарваа нэгэн асуудалд хэзээд шантралгүйгээр тууштай хичээн суралцах нь амжилтанд заавал хүргэдэг гэдгийг хэлмээр байна. Ер нь бол оюуны өндөр чадамжаас илүү сууж сурсан буюу тэвчээр хатуужилтай хүн амжилтанд хүрдэг.
-Цаг наргүй ажлынхаа цагаас бидэнд зарцуулсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх