Нидерландын Засгийн газрын гишүүдэд олон нийтийн Фэйсбүүк сүлжээг хэрэглэхийг бүрмөсөн хориглож магадгүй байна. Нидерландын эрх баригчид мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар толгой компани Мета-тай хэлэлцээ хийхийг оролдсон боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна. Тиймээс эрх баригчид засгийн газрын гишүүдэд уг сүлжээг хэрэглэхийг хориглохоор бэлтгэж эхэлжээ. 2017 онд Нидерландын эрх баригчдын шаардлагын дагуу Мета компани нийгмийн сүлжээнийхээ ажиллагаанд тохируулга хийсэн боловч нууц мэдээлэлтэй холбоотой асуудлыг шийдэж чадаагүй юм. Түүнчлэн засгийн газарт нийгмийн сүлжээний үйл ажиллагаа аюулгүй эсэхэд эргэлзэх шалтгаан гарч ирсэн байна. Улмаар өнгөрсөн сард Засгийн газар Фэйсбүүкийг ашиглахад аюулгүй эсэх талаар зөвлөмж өгөхийг Мэдээллийг хамгаалах газраас хүсжээ. “De Telegraaf” сонинд бичсэнээр, тус байгууллага ойрын хугацаанд зөвлөмжөө хүргүүлэх аж. Гэсэн хэдий ч Засгийн газар Фэйсбүүкийг бүрмөсөн хориглохыг зорьж байна. 2023 оны хавар Нидерландын эрх баригчид Хятадад бүтээсэн TikTok платформыг тагнуулын зорилгоор ашиглахаас болгоомжилж, төрийн албан тушаалтнууд болон засгийн газрын гишүүдэд түүнийг ашиглахыг хориглосон юм. Нидерландад нийтдээ 140 мянган хүн төрийн алба хашдаг байна.