Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Х.Баттулгад тамгаа хүлээлцэх тэрхэн мөчид "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" хэмээн гуйж амжжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлага өчигдөр олон хүний анхаарлын төвд байлаа.

Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эгдүүцэн нүүр хуудастаа "Өөртөө дурласан эргүү дагз" хэмээн бичиж дургүйцлээ илэрхийлсэн юм. Ийн эгдүүцэх нь ч ортой байсан бололтой. Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын гол цөм  нь Ц.Элбэгдорж байлаа. Аанай л сонгууль болгоноор С.Зоригийн хэргийг зэвсэг болгон ашигладаг талаар ярилцагчид сөхөж, үйл явдлын зангилаа явсаар Ц.Элбэгдорж руу чиглэв.

Нийт шүүгчдийн 50 хувийг Ц.Элбэгдорж нэг өдөр  халснаа буцаан авсан 400 орчим шүүгчээс 12 нь үгийг нь дагахгүй гэсэн учир эгүүлэн томилоогүй.   Энэ нь ч учиртай, холын бодолтой шийдвэр байсан гэдэг нь Ерөнхий сайдын ярианаас харж болохоор байв. Ц.Элбэгдорж, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Тагнуулын дарга асан Б.Хурц нарын  бүлэглэл  хөрөнгө мөнгөтэй гадна, дотоодын хүмүүсийг шахаж дарамтлан дээрэмддэг, цагдан хорьж айлган сүрдүүлж, их хэмжээний авлига нэхэж,  газар, үл хөдлөх хөрөнгийг  дээрэмддэг. Нэг үгээр хонгил гээчийг анх тэд угсарч,  үүндээ олон залуусыг чирч оруулан хэлмэгдүүлсэн. Тэр дундаа Японы бизнесмэнийг хүртэл хар тамхины хэрэгт холбогдуулан газрыг нь дээрэмдсэнийг  энэхүү бүлэглэлийнхэн гардан хийжээ. Харин өчигдөр Ерөнхий сайд үүнийг батлан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг ахуйн бус улс төрийн аллага гэдгийг ч тодотголоо. Энэ нь С.Зоригийг тойрсон  улс төрийн шийдвэр, үйл явдлуудаас харагддаг гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгчөөс буухдаа Х.Баттулгад тамгаа гардуулах тэрхэн мөчид "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй. Бусдыг бол яахав" хэмээн тэрүүхэн хооронд гуйж амжсан тухай ноцтой баримтыг өчигдөр дэлгэв.  Монголд авлигын сүлжээг угсарч жинхэнэ утгаар нь олон хүнийг хэлмэгдүүлж, хонгил руу чирч хэн ч биш болгож байсан Ц.Элбэгдоржийн бүлэглэлийн талаарх ноцтой баримтуудыг Ерөнхий сайд дэлгэж, үүний эсрэг тэмцэж,   угсарсан хонгилыг нураана гэдгээ ч хэллээ. Гагц үүгээр зогсохгүй. С.Зориг агсны хэргээс гадна "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал, МАНАН бүлэглэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгаа, МАН, МАХН-ын хуваагдлын гол автор нь Ц.Элбэгдорж гэж мэдэгдэв.

 МАХН, МАН хоёр хуваагдсаны дараа МАН-ын даргын төрсөн өдрөөр бюу гуравдугаар сарын 24-нд  Их тэнгэрийн аманд АН-ын дарга Н.Алтанхуяг, УЕП Д.Дорлигжав нарын хүмүүстэй уулзан хундага тулгаж, "Та нарын ялалтыг шүүхээр баталгаажуулж өглөө шүү" хэмээсэн. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ч.Гансүх нарыг  ч Ц.Элбэгдорж хонгил руу чирч, цагдан хорьж хэлмэгдүүлсэн. Харин эдгээр нөхөд үнэнийг дэлгэн нээлттэй яриасай. Яагаад дуугүй байдгийн учрыг ойлгодоггүй гэдгийг ч Ерөнхий сайд тэдэнд дайлаа. Энэ бүхнээс харахад Ц.Элбэгдорж эгдүүцэхээс ч аргагүй аж. Тэрбээр үнэнд гүйцэгдэх болохоороо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нээлттэй ярилцлагад  илтэд дургүйцсэн учир тайлагдав.