Гадаадад байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 20-23-ны 22:00 цаг хүртэл дөрвөн өдрийн турш авна

Гадаадад байгаа иргэд 2024 оны зургаадугаар сарын  20, 21, 22, 23-ны өдөр саналаа өгнө 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны  зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар  тогсон. Гадаад улсад байгаа сонгогч  эдгээр өдрийн аль нэгэнд  саналаа өгнө.

УРЬДЧИЛАН БҮРТГҮҮЛНЭ

Гадаад улсад суугаа иргэдийн хувьд санал өгөх процесс нь Монгол Улсад санал өгөхөөс ялгаатай.Тодруулбал, иргэд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Мөн санал хураалтын өдрөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ заавал нягталж шалгах хэрэгтэй.

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАА ОЧИЖ САНАЛАА ӨГНӨ

Саналын хуудсаа дугтуйлж битүүмжилнэ. Сонгогч зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэгэнд тухайн улсынхаа цагаар 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг авч очин саналаа өгнө. Санал авах байранд сонгогчийн иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, саналын хуудас, дугтуйн хамт өгдөг. Сонгогч санал тэмдэглэх бүхээгт орж саналын хуудас дээрх зааврын дагуу саналаа тэмдэглэж дугтуйд битүүмжлээд саналын хайрцагт хийнэ.

УИХ-ын тогтоолоор гадаад улс дахь санал хураалтыг зургаадугаар сарын 20-ны пүрэв гаригаас 23-ны бүтэн сайн өдрийн 22:00 цаг хүртэл дөрвөн өдрийн турш санал авахаар тогтоосон. Тиймээс гадаад улсад суугаа иргэд аль боломжтой өдрөө тааруулан очиж саналаа өгөх боломжтой.

САНАЛЫН ХУУДСЫГ ХЭРХЭН ТООЛЖ, БАТАЛГААЖУУЛЖ ХҮЧИНТЭЙД ТООЦОХ ВЭ

Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудсыг Төв комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсаас ирсэн саналын хуудсыг өөрийн байранд зургаадугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас эхлэн тоолох үйл ажиллагааг зохион байгуулна.

Өөрөөр хэлбэл, салбар комиссуудаас ирсэн битүүмжлэл бүхий саналын хуудсыг нэгбүрчлэн задалж, санал тоолох төхөөрөмжид уншуулан дүнг гаргадаг. Уг үйл ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.