Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа улирах хаяанд ирээд байна. УИХ-ын гишүүд ч дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, яриад эхэлжээ. Ихэнх гишүүн тойрогтоо хийсэн ажлаа ярьж байгаа ч санаачилж, хэрэгжүүлсэн хуулиа ярьж буй гишүүд цөөхөн байна. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль батлах, санаачлах хэдий ч энэхүү үүргээ бараг биелүүлээгүй гишүүд ч олон байна. Иймд “Туг.мн” хууль санаачлах, ажлын хэсэгт орж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн УИХ-ын гишүүдийг онцолж байна.
Сү.Батболд
Сүхбаатарын Батболд нь Дундговь, Говьсүмбэр аймгаас буюу 2020 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойргоос сонгогдож, тав дахь удаагаа УИХ-ын гишүүн болсон юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр 20 жилийн турш УИХ-ын гишүүн байсан байна. Ерөнхий сайдаар ч ажиллаж байсан Сү.Батболд нь хэдий олон удаа сонгогдож, он удаан жил ажилласан ч энэ удаагийн УИХ-ын дөрвөн жилийн хугацаанд нэг ч хуулийн төсөл санаачилж, ажлын хэсэгт орж ажиллаагүй аж. Хууль батлахад төдийлөн оролцдоггүй, хэвлэл мэдээллээр ч үзэл бодлоо цөөн илэрхийлдэг түүний талаар сүүлийн үед Монголын төдийгүй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд шуугиад байгаа юм. “BBC”, “Reuters”-оор Сү.Батболдыг авлигын мөнгөөр америкт тансаг зэрэглэлийн хоёр орон сууц авч, түүнийг нь АНУ-ын хууль, шүүхийн байгууллага хураах гэж буй талаар гуравдугаар сарын 27-нд мэдээлсэн юм.
Э.Батшугар
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар нь нийслэлийн СХД-ээс буюу 2020 оны УИХ-ын сонгуулийн 28-р тойргоос сонгогдож, УИХ-ын гишүүн болсон юм. Э.Батшугар нь УИХ-ын хамгийн залуу гишүүн хэдий ч бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд нэг ч хууль санаачилж, ажлын хэсэгт орж ажиллаагүй байна. АНУ-ын Бентлигийн их сургуулийг төгссөн тэрбээр “Боловсролтой хүн” гэх имижийг өөртөө бүрдүүлж чадсан ч УИХ-ын Инновац, цахим бодлогын Байнгын хорооны даргаар хоёр жил ажилласнаас илүү бодлогын, бодит хуулийн ажлаа хийгээгүй байна.
Ц.Идэрбат
Цагаанхүүгийн Идэрбат нь 2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг орлож, Хэнтий аймгаас УИХ-ын гишүүн болсон юм. Бусад УИХ-ын гишүүдээс нэг жил дутуу ажилласан болоод тэр үү, тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд нэг ч хуулийн төсөл санаачилж, ажлын хэсэгт орж ажиллаагүй байна. Гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний багш мэргэжлээр төгссөн Ц.Идэрбат нь Хэнтий аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн Засаг дарга зэрэг албан тушаалд ажиллаж байжээ. Орон нутагтаа л улс төрийн албан тушаалд ажилласаар ирсэн түүний ажлын туршлага хууль, бодлого боловсруулах УИХ-ын гишүүний суудалд нимгэдсэн байж ч болох юм.
Ж.Эрдэнэбат
Жаргалтулгын Эрдэнэбат нь 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас ялалт байгуулж, гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Орон нутагтаа төрийн алба хашсаар аймгийн Засаг дарга болж улмаар УИХ-ын гишүүн болох жишгийг дагасан Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайдын албан тушаалыг хүртэл хашиж байсан билээ. Тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс, найз Х.Бат-Эрдэнэ нартайгаа хуйвалдаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Улаан сайр-II” гэх ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгосон гэх хэргээр 2020 онд сонгуулийн сурталчилгааныхаа тайзан дээрээс баривчлагдан торны цаана сууж байсан юм. Хэдий торны цаана суусан ч дахин УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат нь бүрэн эрхийнхээ хугацаанд мөн л нэг ч хуулийн төслийг санаачилж, ажлын хэсэгт орж ажиллалгүй өдийг хүрчээ.
Хэдий нэг ч хууль санаачлахад оролцож, ажлын хэсэгт ажиллаагүй нь дээрх дөрвөн гишүүн боловч ердөө нэг хууль санаачлахад нэрээ оруулсан төдий УИХ-ын гишүүд ч бий. Жишээлбэл Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл нар УИХ дахь эмэгтэй гишүүдийн хамтран санаачилсан хуульд нэрээ оруулснаас өөр хуулийн ажилд оролцоогүй байна. Д.Батлут, Х.Болорчулуун гишүүн нар зөвхөн Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг “санаачлалцсан” бол Ц.Сэргэлэн, Б.Бат-Эрдэнэ нар Монгол Улсын гаалийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд л нэрээ оруулжээ. Цаашилбал Ц.Цэрэнпунцаг, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Ц.Анандбазар, Х.Бадилхан гээд чуулган дээр үг хэлж, саналаа өгөхөөс өөрөөр хууль санаачлах, хуулийн ажлын хэсэгт орж ажиллах зэрэг үүргээ хангалтгүй биелүүлсэн УИХ-ын гишүүн олон байна.