Ерөнхий сайд Л Оюун-Эрдэнийн оролцсон "Улаанбаатараас ярьж байна" ярилцлагын нэвтрүүлэг нийгэмд анхаарал татсан олон асуудалд хариулт өгсөн гэж ойлгож болно. Эдгээрээс УИХ-ын сонгууль бүрээр сөхөгдөж байдаг мөлжүүртэй нэг сэдэв бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг юм. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Д.Мөрөн 2000 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэг АН Засгийн эрх барьж байх үед илрэхгүй. Харин намайг сонговол алуурчид болон захиалагчийг ч илрүүлнэ” гэж ам өчгөө өгөн байн сонгогдсон ч тэрбээр эцэстээ "Энэ хэрэг хангалттай нотлох баримттай. Шүүх нотлох баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан байх гэж бодож байгаа. Уг нь энэ хэргийг шүүх хурлыг нээлттэй явуулах байсан юм. Тэгвэл эргэлзээ үүсэхгүй. Үүнээс ч өөр юу хэлэх вэ дээ” хэмээн ярьж суусан.
Жишиг ёсоор энэ удаагийн УИХ-ын сонгууль ч С.Зоригийн хэргийн сэдвээр эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуудлыг цаг хугацаа, баримттайгаар гарган тавьж, энэ бүхэнд ганц хүний нэр холбогдож байсан нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байв. Тэрбээр ч ярилцлагын сургаар л бухимдлаа илэрхийлэн нийтийн анхаарлыг татсан. Тиймдээ ч түүний талаар юу ярих нь вэ гэсэн хүлээлт нийгэмд үүссэн гэж болно. Энэ асуудал өдгөө ч үргжэжилж Ц.Элбэгдорж хилийн чинадаас хариу тайлбар хийн, Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудсан.
Харин одоо л уг хэргийг эцэслэх боломж гарч байна уу гэх найдвар нийгэмд төрүүлээд байна. Учир нь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүсэн шүүгчдэд хариуцлага тооцох асуудал хөндөгдөөд байгаа ба Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ч гарч, олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар болж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой сэжмүүдийг хуулийн дагуу шалга. Надаас шалтгаалах бүхнийг би хийнэ хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүч өгсөн гэх мэдээлэл байна. 2024 оны УИХ-ын сонгууль ийнхүү С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр эхэлж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гутлаа тослоод зангиагаа зүүгээд хуулийн байгуулллагад очиж, олон жил өөрийг нь хамаатуулсан, хардлага дагуулсан ноцтой хүн амины хэргийг нэг талд нь гаргах "боломж" гарлаа гэж ч харж болохоор байна. Мөн ярилцлагаар хөндсөн ноцтой нэг асуудал бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буухдаа Х.Баттулгад тамгаа гардуулах тэрхэн агшинд "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" хэмээн гуйж амжсан байдаг. Энэ мэт сэжүүрийг шалган, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг энэ удаад далайцтайгаар гарган тавьж, мухарлах нь.