ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дэд дарга Хань Жөн нар Монгол Улсад долоо хоногийн зайтай албан ёсны айлчлал хийлээ. Хэдхэн хоногийн зөрүүтэй болсон энэхүү айлчлалаас Монгол Улс юу хүлээх вэ, айлчлалууд өгөөжөө өгөх үү гэдэг нь хамгийн чухал.
Владимир Путиний айлчлал сүр дуулиантай болж, олон улсын эрүүгийн шүүх түүнийг баривчлах ёстой гэдэг шахалтыг Монголд үзүүлж, Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газрууд “Украйнтай хамт” гэсэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, дэлхийн олон улсын анхаарал Монгол Улс руу чиглэж байлаа. Энэхүү дуулианд БНХАУ-ын дэд даргын айлчлал дарагдаж, төдийлан анхаарал татаагүй гэж хэлж болно.
Хамгийн гол нь В.Путиний айлчлал дээд зэргийн хамгаалалт дор болж өнгөрсөн бөгөөд Төв талбайн ойр орчмын өндөр барилгуудад тусгайгийн алба хаагчид бэлэн байдалд байсан гээд уг айлчлалыг тойрсон анхаарал татсан асуудал олон байлаа.
Тэгвэл айлчлалаар ямар асуудлыг хөндөж, Монголд хэрхэн нааштайгаар шийдэв.
В.Путиний айлчлалаар байнга л хөнддөг, яригддаг асуудлууд ч давтагдаж, ОХУ шатахууны крантаа сав л хийвэл хаадаг байдлыг зогсоож, энэ удаагийн айлчлалаар ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнийг саадгүй бөгөөд тогтвортой нийлүүлэх Засгийн газар хоорондын гэрээг зурлаа.Цаашлаад
Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж,
- Газрын тосны бүтээгдэхүүн дээр хэлэлцээрийн хэмжээний ойлголцолд хүрч,
- ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэхээр болж,
- Эгийн голын УЦС-ын төсөлд байр сууриа албан ёсоор нэгтгэн
- Евразийн эдийн засгийн холбооны Чөлөөт худалдааны түр хэлэлцээ байгуулахаар болов.
В.В.Путиний айлчлалын бас нэгэн онцлох зүйл нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ "Эгийн гол УЦС-ын төсөл нь байгаль орчинд хор хохирол учруулахгүй гэсэн дүгнэлтийг НҮБ-аас гаргасан. Тиймээс бид төслийг урагшлуулах саналтай байна гэсэн байр сууриа илэрхийлээд амжсан.
Ерөнхий сайд асан С.Баяр В.Путиний айлчлалд шүүмжлэлтэй хандсан юм. Тэрбээр 2000 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч В.Путин Монголд анх ирэхэд хоёр талын хамтарсан мэдэгдэлд яг иймэрхүү өгүүлбэр орж байв. “Сибирийн бүс нутгийн зах зээл рүү Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур хивс, цемент зэрэг бүтээгдэхүүний экспорт, худалдааг нэмэгдүүлэхэд бодит түлхэц үзүүлнэ”. Хоёр ялгаа нь “цемент, бодит” гэх үгс алга байж. Түүнээс хойш В.Путин Монголд дөрвөн удаа айлчилжээ. Гааль, импортын татвар, төмөр замын тээврийн тариф бууж өгдөггүй өндөр хэвээр 23 жил арван сар боллоо хэмээн цахимаар мэдэгдсэн юм.
Харин БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлалаар голчлон төмөр зам, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, нэвтрэх хурдыг жигд болгох тухай хөндлөө. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлалын үр дүнг,
- Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох,
- Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдийг эрчимжүүлэх,
- Улаанбаатар хотод метро барих, тойрог хурдын зам байгуулах,
- Эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүд,
- Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулах зэрэгт хамтран ажиллахаар тогтов хэмээн онцоллоо.
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин энэ удаа өөрийн төлөөний хүнээ явуулсан нь манай Х богдын асуудалтай холбогдох улс төрийн нарийн учиртай гэсэн таамаг бий. Хэдий тийм ч хоёр тал хэлэлцээний ширээний ард сууж, нэлээдгүй ажил амжуулав.
Ийнхүү хэдхэн хоногийн зайтай болж өнгөрсөн ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дэд дарга нарын айлчлалаар Монгол Улс ямартай ч үр дүнтэй гэрээ, хэлэлцээр хийж, он удаан жил гацсан асуудлуудаа сөөм ч болов урагшлуулж чадлаа.